Home Дэлхий Гадаад харилцаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээ

0
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээ

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр чуулга уулзалтын “Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ.

Тэрбээр “Бүс ба Зам” санаачилга нь хөгжлийн боломжоо хуваалцах, харилцан суралцах, харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах үзэл санаанд тулгуурлан “хамтдаа хэлэлцэх, хамтдаа бүтээх, хамтдаа үр өгөөжөө хүртэх” үндсэн зарчмын дагуу хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг бүс нутгийн түвшинд өрнүүлэх чухал тавцан болж байгааг тэмдэглэв.

Ногоон хөгжлийг удирдлага болгож, “эко, цэвэр” хөгжлийн үзэл санааны дагуу байгалийн нөөц баялгийг хэмнэсэн, байгаль орчинд ээлтэй байх зарчмыг баримталж байгаа нь НҮБ-аас дэвшүүлсэн “Тогтвортой хөгжил-2030”-ын зорилгод бүрэн нийцдэг гэж үздэгээ илэрхийлэв.

Энэ удаагийн чуулга уулзалтаар хамтран гаргаж байгаа “Бүс ба Замын ногоон хөгжлийн төлөөх Бээжингийн санаачилга” нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, ногоон дэд бүтэц, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжихэд чиглэсэн улс орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал ач холбогдолтойг тодотгов.

Монгол Улс “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилготой гэдгийг хэллээ.

2026 онд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлаар улс орон болон бүс нутгийн хэмжээнд газрын доройтол, цөлжилтийн эсрэг хийж байгаа ажил, тогтвортой ойн мененежментийг бэхжүүлж байгаа туршлагаа хуваалцаж, цаашдын бодлого, зорилт, үйл ажиллагаагаа тодорхойлно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн яриа хэлэлцээний дүнд “Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв”-ийг энэ оны есдүгээр сараас байгуулах ажил эхэлснийг тэмдэглэв.

Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол Улс ногоон хөгжлийн бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байгааг хэлэв.

Мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийг байгаль, экологийн хамгаалалтай нягт уялдуулж, байгальд ээлтэй стандарт болон сайн туршлагыг дэлгэрүүлж, цэвэр, шинэ эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн, байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулах”-ын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here