Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань сум, “Соёолж” ХХК-ийн Мод үржүүлгийн газарт ажиллалаа.
50 га талбай бүхий энэ газарт 15 төрлийн мод, бут үржүүлдэг бөгөөд усан сан, үрслэгээний хүлэмж, усалгааны систем, цахилгаан дэд бүтэц, ургамал болон үр хадгалах зоорь, агуулах зэргийг цогцоор нь шийдэхэд 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.
Одоогоор шилжүүлэн суулгахад бэлэн 20 сая мод, бутны тарьц, ойжуулалтад зориулсан гурван сая модны нөөцтэй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны судалгаагаар ойн мэргэжлийн байгууллагын тарьц, суулгацын нөөцийн 70 хувийг “Соёолж” ХХК дангаар бүрдүүлж байна.
Мөн газрыг нь шийдэж өгвөл нийслэлийн Баянгол дүүрэг болон Сэлбэ голын эрэг, Зайсангийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл тус бүр 10-15 га газарт концесс эсвэл шууд гэрээгээр хоёр жилийн хугацаанд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад бэлэн байгаа тухай компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэн хэлэв.