Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” ХХК-ийн Тосон үйлдвэрт ажиллалаа.
Тус компани үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш нөхөн сэргээлтийн бодлогыг эн тэргүүнд баримталж, Тосон үйлдвэрээ нөхөн сэргээлтийн сургалтын бааз болгон хөгжүүлжээ.
2001 онд 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулж 2011 онд гадаргын усны нөөцөд бүртгүүлсэн байна. Энэ нуур цурхай, зэвэг, алгана зэрэг таван төрлийн загастай, нугас, хун, галуу, дэглий зэрэг найман зүйлийн усны шувууд зусдаг, цэвэр усны анализатор гэгддэг ондатр амьдардаг.