Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” ХХК-ийн Тосон үйлдвэрт ажиллалаа.
Тус компани үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш нөхөн сэргээлтийн бодлогыг эн тэргүүнд баримталж, Тосон үйлдвэрээ нөхөн сэргээлтийн сургалтын бааз болгон хөгжүүлжээ.
2001 онд 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулж 2011 онд гадаргын усны нөөцөд бүртгүүлсэн байна. Энэ нуур цурхай, зэвэг, алгана зэрэг таван төрлийн загастай, нугас, хун, галуу, дэглий зэрэг найман зүйлийн усны шувууд зусдаг, цэвэр усны анализатор гэгддэг ондатр амьдардаг.
Мод үржүүлгийн газартаа 400 гаруй мянган мод үржүүлснээс 300 мянга гаруйг нь тарьж, ургуулан, ойн долоон төгөл байгуулсан байна. Мөн мод тарьж, ургуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг дэмжин 100 гаруй мянган мод бэлэглэж, хандивлажээ.Уул уурхайн нөхөн сэргээлтэд дуслын усалгааны системийг улсдаа анх удаа нэвтрүүлж, ХААИС-ийн “Инновац бизнес хөгжлийн төв”-тэй хамтран био нүүрсэн бортого хийх технологи ашиглан жилийн дөрвөн улиралд мод, бут тарьж, ургуулж байна. “Монполимет” нь “Уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч” аж ахуйн нэгжээр 20 гаруй удаа шалгарчээ.