Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 19 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолд оролцож, нийт бие бүрэлдэхүүнд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Тэр бээр онцгой байдлын алба хаагчид аюул, осолд нэрвэгдсэн хүмүүст цаг агаар, өдөр шөнийн ямар ч нөхцөлд цаг алдалгүй хүрч, амь нас, эд хөрөнгийг нь авран хамгаалж байдаг энх цагийн эгэл баатрууд гэдгийг тодотгов.
Мөн “Эр зориг, сахилга бат, ур чадвар, тэсвэр хатуужлын үлгэр дуурайл болсон алба хаагчдаараа төр засаг, ард түмэн үргэлж бахархаж байдаг. Энэ их итгэлийг зүтгэлээр хариулж, ажил албаа улам бэхжүүлэн хөгжүүлж явах учиртай” гэлээ.
Цаашид гамшиг осол, ялангуяа газар хөдлөлт, цар тахал, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан давтамж, хор уршиг нь нэмэгдэж буй аюулт үзэгдлээс ард иргэдээ хамгаалах чадавхаа сайжруулж, бүх нийтийн оролцоонд тулгуурласан гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоо бүрдүүлэн бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж үздэгээ тэмдэглэв.
Ерөнхийлөгч мөн өдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ барилгын нээлтэд оролцов.
Онцгой байдлын алба хаагчид ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд 28 мянга гаруй хүний амь нас, 810 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
АХМАД Д.ОДХҮҮД “ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” ГАРДУУЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Д.Одхүүд “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”, 20 сая төгрөг гардуулав.
Ахмад Д.Одхүү 11 дэх жилдээ энэ албанд ажиллаж байгаа бөгөөд 115 удаа галын дуудлагад гарч, 109 удаагийн галд байлдааны тархалт хийн ажиллаад байна.
Тэр бээр энэ хугацаанд 137 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гурван тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
2020 онд гэхэд л Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн даргаар ажиллаж байхдаа хоёр хүний амь насыг, 2021 онд Батноров суманд гарсан хээрийн түймрийн үеэр алба хаагчдынхаа хамт долоон иргэний амь нас, 2,500 гаруй толгой малыг авран хамгаалсан байна. Ахмад Д.Одхүү нь Онцгой байдлын албанаас цэнхэр дуулгатнуудын эгнээнд нэгдсэн Энхийг сахиулагчдын нэг юм.