Nlive.mn

“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум зохион байгуулагдаж байна

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгуулагуудыг идэвхжүүлэх зорилго бүхий “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум Орхон аймгийн “Соёл урлагийн цогцолбор”-т эхэллээ.

Форумд ЦХХХ-ны дэд сайд, Хөдөөгийн сэргэлт бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүн Ж.Эрхэмбаатар оролцож, “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвийн хүрээнд илтгэл тавин, Монгол Улсын Засгийн газрын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг, гурван өдөр үргэлжлэх энэхүү форумын ач холбогдол нь Орхон аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмэгдүүлэх, “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийн бодлогын баримт бичгээ олон нийтэд танилцуулахад чиглэж байна.

Форумд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөл, Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв зэрэг 20 гаруй байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцож, нийгэм, эдийн засаг, орон нутгийн цахим шилжилт, бүсчилсэн хөгжлийн илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

Форумын хүрээнд “Ухаалаг-Эрдэнэт экспо”, “Орон нутгийн цахим шилжилт” хэлэлцүүлэг, “Мэдээллийн технологийн салбарын таниулах сургалт”, “И-спортын тэмцээн” Ухаалаг-Эрдэнэт IT workshop” зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Exit mobile version