Home Улс төр Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолд оролцлоо

0
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймгийн Булган суманд ажиллаж, Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолын ажиллагаанд оролцлоо.

Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх үйлсэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.

Баруун хилийн зэвсэгт тулгаралт нь Монгол Улсын XX зууны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал бөгөөд тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард түмнийхээ эрх чөлөөг бататган бэхжүүлсэн баатарлаг эх орончдоо эргэн дурсаж, гавьяа зүтгэлийг нь алдаршуулан мөнхжүүлэх нь үр хойч бидний эрхэм үүрэг гэдгийг онцоллоо.

Энэ ажиллагаа нь орчин цагийн Зэвсэгт хүчин, хилийн цэрэг гадны зэвсэгт түрэмгийлэлтэй нүүр тулсан анхны томоохон сорилт байсан бөгөөд арвин туршлага хуримтлуулж, үндэсний цэргийн урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

Зэвсэгт тулгаралтын халуун цэгт амьдарч байсан Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн иргэд асар их уй гашуу, зовлон бэрхшээлийг амссан боловч хилчин дайчидтайгаа хамтран ачааны хүндийг үүрэлцэж, ялалтын тугийг мандуулсан юм.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж, эрх чөлөө, тусгаар тогтнолыг үр хойчдоо өвлүүлэн үлдээсэн баатарлаг эх орончид, ахмад дайчид, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд Монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлэв.

Мөн зах хязгаар нутгийнхаа эзэн болж, улс орныхоо аюулгүй байдал, улсын хил хамгаалалтад үнэтэй хувь нэмэр оруулж буй ард иргэдэд онцгойлон талархал илэрхийллээ.

Мөн энэ өдөр Баруун хилийн зэвсэгт тулгаралтад амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөг нээв.

Ховд аймгийн Булган сумын Увш хааны талбайд босгосон 12.7 метр өндөр гэрэлт хөшөөг цагаан гантигаар бүтээж, оройд нь Төрийн соёмбыг дүрсэлж, өмнө нь мөнхийн галыг бадраажээ.

Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан Ховд аймгийн Булган, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн Алтай, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүхт 75 жилийн ойд зориулан хил хамгаалах байгууллага, орон нутаг судлах музейтэй хамтран дэлгэсэн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here