Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “E-Mongolia” шинэчлэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Mongolia 3.0” системийг албан ёсоор нээж үг хэллээ.
“E-Mongolia” цахим системийг анх 2020 оны аравдугаар сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж байсан бол өнөөдөр 81 байгууллагын 986 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 72 хувь буюу 1.5 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар өнгөрсөн хоёр жил долоон сарын хугацаанд иргэдийн 254 тэрбум төгрөг, 14 сая цаг, 28 сая хуудас цаас хэмнэжээ.
Шинэчлэгдсэн “E-Mongolia 3.0” ашиглахад энгийн, хялбар дизайн, тэгш хүртээмжтэй болж, урьдчилсан мэдэгдэл авах, мэдээллээ хянах, илүү олон баримт бичиг, лавлагаа зэргийг цахимаар шууд ашиглах боломжтой боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилт бол зөвхөн технологийн шийдэл биш, цахим реформ хийх улс төрийн эр зориг, хүсэл эрмэлзэл юм гэдгийг тэмдэглэв.
Эдийн засгийн өсөлтөө сайжруулж, авилга хээл хахуулийг халж, сайн засаглалыг бүрдүүлэхэд иргэдийн оролцоо нэн чухал. Үүний тулд иргэн бүр цахим гарын үсгээ авч цахим шилжилт болон Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд уриаллаа.
2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Монгол Улс гадаад өрийн дампуурлаас гарч, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” хадгалж чадлаа.
Монгол Улс анх удаа төсөв дутсанаас биш төсөв давж биелснээр тодотгол хийх нөхцөл үүсэж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
“E-Mongolia” системийн хэрэглэгчид, энэхүү системийг бүтэээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олон, бодлогын дэмжлэг үзүүлж, эрхзүйн цогц шинэчлэл хийж ирсэн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олонд талархал илэрхийллээ.