Дэлхийн эрүүл мэндийн ассамблей Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо үргэлжилж байна. Чуулганд оролцож буй Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якабтай албан уулзалт хийлээ. Уулзалтаар талууд энэ оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын Их Хуралтай хамтран зохион байгуулах Ази, Номхон далайн улс орнуудын парламентчидын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII форумын зохион байгуулалтын талаар ярилцаж, санал солилцов. Энэ үеэр Бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якаб Номхон далайн баруун бүсийн өнгөрсөн жилийн ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан “Номхон далайн баруун бүс дэх анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй” стратегийн баримт бичгийн хэрэгжилт болон Монгол Улсын Засгийн газраас анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар онцолж, дээр дурьдсан Ази, Номхон далайн улс орнуудын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумд оролцох бүс нутгийн улс орнууд Монгол Улсын сайн туршлагаас судлахын зэрэгцээ тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, сорилттой газар дээр нь танилцах боломжийг бүрдүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийллээ.