Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов.
Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй.
2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн.
Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм.