Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Эммануэл Макрон Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.
Хоёр улсын Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн монголын болон францын талын төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч нартай мэндчилэв.
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд 1965 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Монгол Улс анх 1946 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсэх өргөдөл гаргахад Франц Улс дэмжиж байсан түүхтэй юм.