Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран “Төрийн албаны шинэтгэл – Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгууллаа.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг, төрийн албаны “Хүний нөөцийн удирдлага, мэдээллийн тогтолцоо” цахим системийн танилцуулга, сургалт зохион байгуулах уг хэлэлцүүлэгт төрийн албан хаагчийн 500 гаруй төлөөлөл оролцсон юм.
Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар зохион байгуулсан анхдугаар Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгох талаар саналаа илэрхийлсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хууль, дүрэм цөөнгүй боловч төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө бага, зохицуулалт сул, ёс зүйн зөрчил маргааныг хянан шийдвэрлэх тогтолцоо, сайтар боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх хууль зүйн механизм үгүйлэгдэж байна. Иймд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулах, төрийн албан хаагчдын сахин мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтоох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулж, 2022 оны тавдугаар сард өргөн мэдүүлсэн болно.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн оны зургадугаар сард дэмжсэн билээ. Энэ хугацаанд хуулийн төслийг танилцуулах, төрийн албан хаагчдыг санал бодлыг тусгах, хамтдаа хэлэлцэх зорилтын хүрээнд өргөн хэмжээний хэлэлцүүлгийг Сэлэнгэ, Хэнтий, Ховд, Дорнод, Төв аймагт, мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар эрдэмтэн, судлаач, төрийн албан хаагчдыг оролцуулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулаад байна гэлээ.
Хэлэлцүүлэгт “Төрийн албаны шинэтгэл-Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, “Төрийн албан хаагчийн ёс зүй ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга Д.Дуламсүрэн нар илтгэл тавьсан. Харин “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл”-ийн танилцуулгыг Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор А.Алтанзул танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхэд оролцогчдоос 80 гаруй санал ирүүлжээ.