Хүний амь нас, эрүүл мэнд цаашлаад монгол хүний удмын сан, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах эмийн чанарт хяналт тавьж, зохицуулалт хийх үүрэгтэй энэ газар Засгийн газрын 2021 оны шийдвэрээр Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэх гэж буй ч өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг цогцоор нь хийхэд хууль эрх зүйн орчин дутагдалтай, эмийн чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн тоног төхөөрөмж дутагдалтай, эмийн чанар, аюулгүй байдлын тандалт хийх төсөв санхүү, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны зохицуулалт хангалтгүйгээс гадна эмийн хяналт, зохицуулалтад нэгдсэн байдлаар цахим тогтолцоо бүрдээгүй зэрэг тулгамдсан олон асуудал байгааг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Зэндмаа танилцуулсан.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тус газрынханд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулахдаа эмийн чанартай холбоотой асуудалд онцгой анхаарч, хяналт тавих чиг үүрэг бүхий нэгжийг чадавхижуулж олон улсын жишигт нийцсэн лабораторитой болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа онцолсон. Эмийн чанарын хяналт, баталгаажуулалтын үйл ажиллагааг явуулж буй лаборатори эмийн чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн үүргээ гүйцэтгэхэд байр, тоног төхөөрөмж, урвалж, стандарт бодис, хүний нөөцийн хувьд дутагдалтай. Тодруулбал, олон улсад эмийн чанарын хяналтыг найман үзүүлэлтээр гаргадаг бол манайд ердөө гурвыг нь л хийж байгаа. Энэ байдлыг сайжруулахад 5.0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлаагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байна. Энэ асуудлыг улсын төсвөөс гадна ДЭМБ болон олон улсын бусад байгууллагын дэмжлэгээр шийдвэрлэх арга замыг судалж шийдвэрлэх боломжтойг С.Чинзориг сайд хэлээд лаборатори олон улсын жишигт нийцэж байж эмийн чанарын хяналтыг шаардлагатай түвшинд хийх боломжтой болох тул энэ асуудалд онцгой анхаарна гэсэн юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа юм. Эрүүл мэндийн сайдын хэлснээр хуулийн төсөлд зарчмын хэд хэдэн асуудлыг тусгаж буй бөгөөд эхний ээлжинд малын эмийн тухай хууль, хүний эмийн тухай хууль тусдаа байх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэлээ. Мөн эм, тарианы зохицуулалттай холбоотой асуудалд төр оролцох ёстой, өөрийн гэсэн байр суурь, дуу хоолойтой байх ёстой гэдэг утгаар зарим зохицуулалтуудыг хийх шаардлагатай байгааг тайлбарлаж байв.
Тэрбээр эмийн үнэтэй холбоотой асуудлаар “Иргэд эмийн үнэтэй холбоотой асуудал их ярьдаг. Оны өмнө тойргийн сумдаараа явахад өргөн хэрэглээний бараа, эмийн үнийн өсөлтийг зохицуулах боломж байна уу гэдэг асуултыг олон хүн тавьсан. Тиймээс ҮСХ-ноос үнийн өсөлтийн судалгаа авч үзэхэд нэг жилийн хугацаанд эмийн үнэ дунджаар 40 хувиар өссөн, зарим төрлиийн эм, тухайлбал, хүүхдийн дархлааны виферон лааны үнэ бүр хэд дахин өссөн байсан. Зах зээлийн үед төрөөс эмийн үнийг хатуу зохицуулах боломжгүй ч бид ямар нэг алхам хийх ёстой” гэсэн юм.
Эмээс гадна биологийн идэвхт бүтээгдэхүүн нэрээр олон нийтэд сурталчлан борлуулж буй зүйлст хяналт тавьдаг байх, монгол хүний бие организмд нийлэмжтэй эсэхэд эмнэл зүйн тандалт хийдэг байх зэрэг хэд хэдэн тодорхой асуудалд анхаарахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынханд үүрэг болгоод тус газрыг өөрийн гэсэн байртай болгох, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллаж буй байцаагч нарт тулгамдаж буй асуудлыг шийдэх, ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах, мэргэжлийн хувьд чадавхижуулахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийнэ гэдгээ хэлсэн.