More

    “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж буй “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулав.

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:

    “Буянт сүргийн эзэн, үндэсний үйлдвэрлэгч, малчин бүсгүйчүүд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

    Нүүдлийн соёл иргэншил, газар нутаг, цаг агаарын онцлогт тохируулан мал маллах уламжлалт арга ухааныг үе дамжуулан хөгжүүлж, монгол ёс заншил, өв соёлоо тээж ирсэн, өсөн үржиж, урган төлждөг баялаг бүтээж байгаа малчин бүсгүйчүүд Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

    2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 305 мянга гаруй  байгаа бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна. Нийт малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2022 оны байдлаар 71 саяд хүрч, сүүлийн 32 жилийн дотор 45 саяар өсөөд байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод”,  “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хоорондоо уялдаа холбоотой Монголын ард түмний аж амьдрал, оршин тогтнохуйн аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар өрнүүлж байна. Эдгээр үндэсний хэмжээний бодлогыг хэрэгжүүлэхэд мал аж ахуйн салбар, малчин түмний оролцоо чухал юм.

    Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч Та бүхэн өвсний соргог, усны тунгалгийг даган малаа идээшлүүлдэг эрүүл хүнс үйлдвэрлэгчид учраас малын мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахад Та бүхний хөдөлмөр, зүтгэл нэн чухал юм. Тиймээс уламжлалт нүүдлийн мал аж ахуйд орчин цагийн техник, технологийг нэвтрүүлэх, дайвар түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдгээрийн хэрэглээг нэмэгдүүлэх, үнэлэмжийг дээшлүүлэхэд малчин эмэгтэйчүүд тэргүүлэн оролцоно гэдэгт итгэлтэй байна.

    Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөртэй, тогтвортой үйлдвэрлэл бүхий эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд малчин эмэгтэйчүүд Та бүхний хүчин зүтгэл хэрэгтэй билээ.

    Ялангуяа, малын тоо толгой бус чанарт нь анхаарах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөхөд гаргасан санал санаачилга бүрийг дэмжиж ажиллах нь төр засгийн үүрэг байх болно.

    Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

    Өнөөдөр мал аж ахуйн салбар нь манай улсын нийт эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, албан ёсоор ажил эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь мал аж  ахуйн салбарт ажиллаж, 2021 онд 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялаг бүтээжээ. Нийт малчдын 41.7 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын тайланд дурджээ.

    Малчин эмэгтэйчүүд мал маллах, малын ашиг шимийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох өдөр тутмын ажилд ихэнх цагийг зориулдгаас нийгмийн харилцаанд оролцож чаддаггүй, мөн хуулиар олгогдсон сонгогдох эрхийн талаарх мэдлэг ойлголт сул, төрөл бүрийн сургалтын хөтөлбөрт хангалттай хамрагдаж чадахгүйгээс мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ бүрэн эдлэх боломжгүй байгаа тухай судалгаа байна.

    Үндэсний статистикийн хорооны “Ажиллах хүчний судалгаа”-гаар 119 мянган малчин эмэгтэйн гуравны нэг нь буюу 40 хүрэхгүй мянга нь нийгмийн даатгалд хамрагджээ. Газар зүйн хувьд алслагдмал, мал хариулах хүн хүч дутмаг, хөрөнгө санхүүгийн тогтмол орлого байхгүй, мэдлэг, мэдээлэл хомс байдгаас шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй зэрэг бэрхшээлийн улмаас малчин эмэгтэйчүүд нийгмийн даатгалд  хамрагдаж чадахгүй байна. Тиймээс малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, урамшууллын тогтолцоо бий болгох, амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэл төлөлтийн хугацааг ноос ноолуур, мал нядалгааны үе зэрэгтэй уялдуулан төлөх боломж бүрдүүлэх, төрийн үйлчилгээг тогтмол хүртээмжтэй хүргэх явуулын үйлчилгээ бий болгох шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй.

    Эргэх дөрвөн улиралд мал аж ахуй эрхэлж амьдардаг малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэнд,  боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхийн асуудал хөндөгдөж байгааг орон нутгийн засаг захиргааны байгууллагууд анхаарч тэднийг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллээр хангах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    Малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, ая тухтай амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахгүйгээр мал аж ахуйн салбарын бүтээмж дээшлэхгүй, шинэ залуу малчдын халаа тасалдах аюултай тулгараад байна.

    Малчдын мэдлэг, чадавхыг сайжруулах сургалт, хөтөлбөрийг  хэрэгжүүлэх нь  мал аж ахуй эрхлэх арга барил боловсронгуй болж, шинэ мэдлэг, техник, технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд дэвшил гарах учиртай. Уламжлалт мал маллагааны өвийг тээсэн, орчин цагийн шинжлэх ухаан технологийн чадамж бүхий мэргэжилтнийг бэлтгэн хөгжүүлэх зорилгоор хэрэгжиж буй хөтөлбөрт цахимаар болон танхимаар хамрагдах боломжийг малчин эмэгтэйчүүдэд бүрдүүлэх нь зүйтэй.

    Малчдын залгамж хойч үеийг бэлтгэх, малчдыг чадваржуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд салбар хоорондын уялдааг хангах шаардлага байгаа нь салбарын яамд, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч зайлшгүй хэрэгжүүлэх ажлын нэг юм.

    Улс орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөнд оролцож буй Та бүхэн өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа илэн далангүй ярилцаж, салбарынхаа ололт амжилт, алдаа оноог дэнслэн гарц шийдлээ тодорхойлон үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт Төрийн тэргүүн итгэж байна.

    Монгол Улсын 21 аймаг, 330 сумын малчин, охид эмэгтэйчүүдийг оролцуулсан “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.

    spot_img

    Холбоотой нийтлэлүүд

    Сэтгэгдэл

    Хариулах

    Сэтгэгдэлээ оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу

    Шинэ мэдээ

    spot_img