Гадаад харилцаа Засгийн газар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа admin - 1 сар 26, 2023 0 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн зургаан багц зорилтын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт төвлөрүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд эдгээр салбарт Франц улстай хамтран ажиллах боломж нээлттэйг онцоллоо. Монгол, Францын харилцааг шинэ шатанд гаргахын тулд харилцаанд жинтэй хувь нэмэр оруулах, хоёр орны нийтлэг эрх ашигт нийцсэн хөгжлийн томоохон төсөл хэрэгжүүлэх нь ач холбогдолтойг Ерөнхий сайд тэмдэглэв. 2023 он Монгол, Франц хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал жил болно гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Себастиан Сүрүн илэрхийлэв. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарын хамтарсан төслүүд амжилттай хэрэгжиж байгаад талууд санал нэгтэй байлаа.