Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ричард Буанганыг томилогдсонд баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, нийтлэг ашиг сонирхлыг урагшлуулах чухал цаг үед үүрэгт ажилдаа орж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал АНУ-тай өнгөрсөн хугацаанд хамтарч хэрэгжүүлсэн “Кибер аюулгүй байдлын чиглэлээр хүний нөөцийг бэхжүүлэх” болон бусад ажлуудын талаар дурдаж талархал илэрхийлсэн юм.
Цаашдаа олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох Google, Apple, Paypal зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар боломжийг судлаж, хамтран ажиллах боломжийг мөн ярилцлаа.
Цахим орчны зохистой хэрэглээ, иргэдийн тоон бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадны компаниудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах санал тавилаа.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган ЦХХХ-ны сайд Н.Учралыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна гэдгээ хэлсэн. Мөн Кибер аюулгүй байдлын чиглэлээр болон дээрх хүсэлтүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.