Nlive.mn

АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН САЙН ДУРЫН АЖИЛТНУУД ТАНГАРАГ ӨРГӨВ

АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын 31 дэх багийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Гадаад харилцааны яаманд болов.

Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд КОВИД-19 цар тахлын улмаас нутаг буцаад байсан бөгөөд ийнхүү хоёр жилийн дараа Монгол Улсад эргэн ирж, 3 сарын хугацаанд монгол хэлний бэлтгэл, сургалтад хамрагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Монгол Улсын Засгийн газар англи хэлний боловсрол, англи хэлний сайн дурын багшийг урьж ажиллуулах асуудалд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Энх тайвны корпусын уг ээлжийн сайн дурын ажилтнууд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах юм.

Өдгөө Энх тайвны корпусын 1,500 гаруй сайн дурын ажилтан манай улсын өнцөг булан бүрд хүрч ажиллаж, Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, Монголын соёл, ахуйг өөрийн эх орондоо сурталчлан таниулах болон монголчуудын нийгмийн хөгжил, англи хэлний боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.                 

Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яам, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Энх тайвны корпус болон Энх тайвны корпусын түнш байгууллага, сургуулиудын төлөөлөл оролцов.

Exit mobile version