Site icon Nlive.mn

ЕРӨНХИЙ САЙД “УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН ШИЙДЭЛ-НИЙГМИЙН ЗӨВШИЛЦӨЛ” ЧУУЛГАНД ИЛТГЭЛ ТАВИЛАА

Төрийн ордны их танхимд “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Тус чуулганд улс төрийн 32 намын төлөөлөл, иргэний нийгэм, төрийн бусбайгууллага, ард иргэдийн төлөөлөл зэрэг 600 гаруй хүн оролцлоо. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, эрх зүйн шинэтгэл, үндсэн хуулийн тогтолцоотой холбоотой илтгэл тавилаа.

Ерөнхий сайд  1990-1992 онд Үндсэн хууль хэлэлцсэн протоколуудад тулгуурлаж илтгэлээ танилцуулав. Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Бүгд үүргээ гүйцэтгэснийг илтгэлийнхээ эхэнд онцлов. Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн алдаа оноо Үндсэн хуультай тодорхой хэмжээгээр холбоотой гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ дурдлаа. Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийхэд түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Одоо бид өнгөрснөө бодитой дүгнэж шинэ 30 жилээ тодорхойлох нь энэ цаг үеийн үүрэг мөн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд, одоо бидэнд гурван арга зам байна. Нэгдүгээрт шинэ Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгад тулгуурлаж батлах, хоёрдугаарт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, гуравдугаарт одоо байгаа эрх зүйн зохицуулалтад тулгуурлаж тулгамдаж буй асуудлаа шийдэх арга зам байгааг хэлэв.

Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл чуулганы үндсэн хэлэлцүүлэг дуусаж, салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Exit mobile version