Nlive.mn

Б.АЛТАНЗУЛ: ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТЕХНОЛОГИЙГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН

Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаар ОББҮХ, ЦУОШГ, НАОБТГ-ын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Утаа их харагдаж байгаа хэдий ч агаарын чанарын үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байгаа гэдгийг албаныхан онцолж байв. Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, “Агаарын бохирдол өдөр бүр тогтмол байдаггүй. Зарим өдөр утаагүй байхад зарим өдөр утаа илүү өтгөн байдаг. Заримдаа өглөө, оройны галлагааны үеэр агаар илүү бохирдолтой байдаг бол заримдаа өдөржин утаатай байх нь бий. Энэ нь зөвхөн яндангаас гарч байгаа утаа, түүнд агуулагдах элементээс гадна агаарын хэм, агаарын даралт, агаарын урсгал, газар зүйн онцлог, байршил, уулын нөмөр, уулын ам, хөндий зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа” гэв.

Сүүлийн өдрүүдэд агаарын бохирдол илүү их байсан. Агаарын даралт их, салхины урсгал бага үед утаа тунарч илүү өтгөн болдог. Улмаар тодорхой байршлуудад хуримтлагдаж удаан хугацаагаар тогтох байдал үүсдэг. Энэ бол цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан үзэгдэл. Улаанбаатарын айл өрхүүд гэнэт илүү их түлш хэрэглээд, яндангийн утаа нэмэгдсэн, эсвэл шахмал түлшний чанар гэнэт муудсан тухай асуудал биш. Өөрөөр хэлбэл, цаг уурын шинж байдлаас шалтгаалан агаарын бохирдол өдөр өдрөөр өөрчлөгдөж байдаг. Гэтэл нөгөө талд утаанд агуулагдах хорт бодис, элементийн агууламж өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй гэдгийг албаныхан онцолж байлаа.

Агаарын бохирдлыг үүсгэж буй хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч буй утаа. Мөн цахилгаан станцууд, уурын зуух, тээврийн хэрэгсэл гэх мэт. Агаарын бохирдлыг бууруулахын тулд энэ бүх хүчин зүйлийг тооцож шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй байна гэдгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Алтанзул хэллээ. Мөн тэрээр, шахмал түлшний технологийг илүү сайн хөгжүүлэх шаардлага тулгарч байгааг онцолсон. Тиймээс хагас коксын агууламжтай шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлнэ гэв. Ингэснээр гал асаах, уугих хугацааг багасч, яндангаас ялгарах утааны хэмжээ тэр хэрээрээ буурах боломжтой аж.

Нийслэлийн хэмжээнд шахмал түлшнээс гадна түүхий нүүрсний хэрэглээ ч багагүй байгааг албаныхан онцолж байна. Энэ жилийн 129 мянган тонн түүхий нүүрсийг “баяжуулсан” гэдэг ангилалд оруулан түлж байгаа нь агаарын бохирдлын том хүчин зүйл болж байгаа юм. Тиймээс ирэх хавраас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг нь бүр мөсөн хориглох юм байна.

Агаарын бохирдлыг үүсгэж байгаа бас нэг хүчин зүйл нь тээврийн хэрэгслээс ялгарч байгаа хорт бодис юм. Улаанбаатар хотод 670 гаруй мянган тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд тэдгээрийн 87 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Мөн манай тээврийн хэрэгслүүд евро-2 гэдэг шатахуун хэрэглэж байгаа нь шаталт бүрэн явахдахгүй, агаар хорт бодис ялгарах шалтгаан болж байна гэдгийг Б.Алтанзул дарга дурдлаа.

Exit mobile version