Nlive.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода-г хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Японы найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Япон Улсын Парламент, Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлэг чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад Япон Улсад хийж буй энэ удаагийн төрийн айлчлалын дүнгээр Монгол, Японы “Стратегийн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн шинэ түвшинд бэхжүүлэн хөгжүүлэхээр болсонд баяртай байгааг онцлон тэмдэглэв.

Мөн Япон Улс Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа хувь нэмрээ оруулж, хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов.

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын парламент, парламент дахь найрамдлын бүлгийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил, арга хэмжээг зохион байгуулсныг дурдаж, Япон, Монголын найрсаг харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд Японы Парламентын зүгээс цаашид ч дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Exit mobile version