Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд болон шигшээ багийн тамирчдыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж, хэсгээсээ шалгарсанд баяр хүргэж, амжилт хүсэв. Монголын сагсан бөмбөгийн холбоо, шигшээ багийн тамирчид цаашид дэлхийд нэр алдраа дуурсгаж, сагсан бөмбөгийн хорхойтнууд, үзэгч түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монголын сагсан бөмбөгийн холбоо 2022-2023 оны Үндэсний дээд лигийн тэмцээний аваргын цомыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгох хүсэлт гаргалаа.
Ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сард Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүлээн авч уулзахдаа талцал хуваагдлаа хойш тавьж, энэ спортын хөгжлийн төлөө нэгдэж, хамтран зүтгэхийг уриалсан юм.
Монгол Улсын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд Гуам, Хонконг, Сингапурын багтай нэг хэсэгт ороод байгаа юм.