Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар ХЭҮК-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллана гэж заасан билээ.
Тус хуулиар Хүний эрх хамгаалагчийн хороо нь Хорооны дарга, хорооны 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба бүрэлдэхүүнийг Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооноос санал болгосноор шууд томилох, үлдсэн 4 гишүүнийг ашгийн төлөө бус байгууллагын төлөөллөөс нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгохоор тус тус заасан юм.
Энэ дагуу сонгон шалгаруулалтад тэнцэж, Хорооны гишүүдээр сонгогдсон Л.Баасанжав, Х.Баасанжаргал, Ц.Отгонтунгалаг, Ч.Ундрах нарт ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүний үнэмлэхийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гардууллаа.
Түүнчлэн хуралдааны үеэр Хүний эрх хамгаалагчийн Хорооны ажиллах журам, эрсдлийн үнэлгээ болон аюулын зэрэг тогтоох аргачлал, хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт судалгааны ажлын талаар танилцуулав.
Уг хуралдаанд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Өнөржаргал, референт С.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн Б.Болор, ажилтан Г.Дэлгэрмаа нар оролцлоо.