Site icon Nlive.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан-тай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоантай уулзаж, хоёр талын болон олон улсын  харилцааны зарим асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч манай улсын “гуравдагч хөрш”, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд Найрамдах Турк Улстай өрнүүлж буй харилцааг өргөжүүлэх, шат ахиулан хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий дахиныг хамарсан цар тахал болон олон улсын харилцаанд тулгарч буй хүндрэлтэй цаг үед Турк Улсаас хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн болон дипломат үйл ажиллагааг сайшааж, энэ чиглэлээрх хүчин чармайлт нь мөргөлдөөнийг намжааж, бүс нутаг, олон улсад тогтвортой байдлыг сэргээхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ах дүүгийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ.

Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, энэ онд хоёр орны худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрэх төлөвтэй байгааг сайшаан тэмдэглэв.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, цаашид өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв.

Exit mobile version