Nlive.mn

“Гэр хорооллын айлуудад стандартын шаардлага хангасан зуух нэвтрүүлэх шаардлагатай”

Сүүлийн үед угаарын дуудлага нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэл хотод энгийн зуухны хэрэглээг хориглох шийдвэр гарчээ. Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа. 

-Угаарын дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулаад энгийн зуухны хэрэглээний асуудал яригдаж эхэллээ. Энэ тал дээр НМХГ-аас ямар арга хэмжээ авч байна вэ?

-2021-2022 оны хувьд ид галлагааны улирал дууссан.Өнгөрсөн өвөл өмнөх хоёр жилийнхтэй харьцуулахад гадаад орчин дахь агаарын бохирдол өндөр байна гэсэн асуудал Засгийн газрын төвшинд яригдсан.Энэ хүрээнд түлшийг стандартын шаардлагад хангаж байгаа. Гэхдээ стандарт нь өөрөө муу байна гэсэн саналыг  Агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний хороонд хүргүүлсэн. Нэгдүгээрт,стандартаа сайжруулах асуудлыг ярьсан. Хоёрдугаарт, айл өрхийн зуухны асуудал байна. Бид  Нийслэлийн Агаар,орчны бохирдолтой тэмцэх газартай хамтраад нэлээдгүй зуух дээр туршилт хийж үзсэн. Энгийн болон стандартын зуух. Ингээд харьцуулаад үзэхээр нийт тоосжилт стандартын зуух дээр 62.3 хувь бага, нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий 48.9 хувиар стандартын зууханд бага гэж гарч байна. Хүхэрлэг ба давхар исэл нь 37.3 хувиар бага, азотын исэл 21.2 хувиар бага гээд стандартын зуух, уламжлалт зуух дээр түлшийг гадаад орчинд агаарыг хэрхэн  бохирдуулж байгааг гаргаж байна. Мөн стандартын зуух ашигласнаар айл өрхөд ямар хэмнэлт үүсч байна гэдгийг үзсэн. Яг адилхан төвшин, яг адилхан орчинд түлээд үзэхэд уламжлалт зууханд 2-3 цагийн хугацаанд 5 кг сайжруулсан түлшийг түлж байна. Тэгвэл сайжруулсан зуухан дээр  3-5 цагт түлж байна. Үүнийг хоногт 4-5 удаа түлдэг гэж тооцохоор өдөрт 5-10 кг, сард 200-300 кг буюу 8-12 шуудайг айл өрх хэмнэх боломжтой байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлээд үзэхэд нэг шуудай  3750 төгрөгөөр бодохоор 180-270 мянган төгрөг нэг жилдээ хэмнэж болно.

-Хэмнэлтийн хувьд сайн тооцоо гарчээ. Гэхдээ айл өрхүүд шууд уламжлалт  зуухаа солих эдийн засгийн боломж байхгүй шүү дээ. Энэ тал дээр тооцоо судалгаа хийсэн үү?

-Стандартын зуух үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, импортлогчидтой уулзлаа. Та нарын оруулж ирүүлдэг зуух ямар үнэтэй байна гэхэд таван зуун  мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй гэсэн. Тэгэхээр айл өрхүүд 2-4 жилийн дотор зуухныхаа өртөгийг нөхөж болохоор байгаа. Орчны бохирдолтой тэмцэх Үндэсний хороонд энэ асуудлыг уламжилсан. Засгийн газраас хөнгөлөлттэй гаргадаг зээлүүд болон  ногоон зээлээрээ зуух үйлдвэрлэгчдээ дэмжиж өгөөч гэсэн. Ингээд айл өрхөд зээлээр өгөх арга байвал, хэрэгжүүлэхгүй бол ирэх оны өвөл бид түлшин дээр анхаарсан ч зуух хэвээр байвал  гадаад орчны бохирдол хэвээр байна гэдгийг хэлсэн. Бид сайжруулсан түлшийг хэрэглэхдээ стандартын зуух буюу сайн зууханд хэрэглэхгүй бол агаарын бохирдол буурахгүй гэсэн тооцоо бий.

-Анх угаартаж байгаа нөхцөлд буруу галлаж байна гэсэн асуудлыг ярьж байсан. Одоо зуухныхаа асуудлыг ярьж байна. Туркээс нэг зуух оруулж ирсэн.  Таны хэлснээр 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгөөр худалдах зуухыг ногоон зээлд хамруулна гэж ярилаа. Ногоон зээлийн асуудал шийдэгдсэн үү, үгүй юү?

-Эхний жилд угаарын хий алдаж байхад уламжлалт зуух ч байсан, стандартынх ч байсан. Энэ бол хэрэглээ. Өмнөх түүхий нүүрстэйгээ хэрэглэдэг зангаараа өөрөөр хэлбэл, түүхий нүүрс түлчихээд хүүхээгээ хаачихдаг.Энэ нь тухайн түлш агаар их шаардаж шатдаг учраас угаар үүсээд байсан. Тэр үед хэлж байсан.Зуух голохгүй байна, гэхдээ дотоод орчноо хордуулаад байна гэж. Хэрэглэгчид галлагаан дээр анхаардаг болсон. Ногоон зээлийг гаргах санхүүжүүлэх асуудал бодлогын хэрэгжилтийн газар яам шийдэх байх. Мэргэжлийн хяналтаас тавьж байгаа шаардлага бол энэ зуухан дээр энэ түлшийг түлсэнээрээ гүйцэд шатаахгүй, гадаад орчин бохирдуулдаг, айл өрхийн эдийн засагт хохиролтой байна гэж үзсэн.

-Нэг ойлгомжгүй зүйл байна. Нийслэлд энгийн зуухны хэрэглээг хориглохоосоо өмнө эхлээд тэдэнд үнэгүй олгох боломжийн талаар судалж үзсэн үү.  Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Сайжруулсан түлшийг  2019 оноос  хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотод стандартын бус уламжлалт зуух худалдахыг 2016 онд гаргасан шийдвэр. Харин түлшний асуудал бол 2019 онд гарсан. Үнэ өртөгийн хувьд бид шийдэхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргаж байгаа асуудал бол уламжлалт зуухан дээр сайжруулсан түлш гадаад орчинд 62.3 хувиар бага байна гэж үзсэн.

-Ерөнхий сайд  Н.Алтанхуягийн Засгийн газрын  үед сайжруулсан түлш оруулж ирсэн. Тэр үед агаарын бохирдол буурсан уу. Хоруу чанар нь үзэгдэх харагдах нөхцөл үнэр нь ямар байсан бэ. Иргэд зуухтайгаа яагаад ноцолдоод байгаа юм гэсэн шүүмжлэлийг хэлж байна?

-2011-2012 оны  үед Улаанбаатар хотын иргэдэд зуухыг үнэгүйгээр тарааж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод стандарт зуух гэвэл 40 хувийг эзэлж байна. Үлдсэн нь уламжлалт зуух. 2019-2020 онд түлшний чанарын асуудалд анхаарч ихээхэн ажилласан. Гэтэл өнгөрсөн жил гадаад орчинд гадаад  бохирдол нэмэгдсэн. Бид туршилт хийсэн. Яг ижил орчинд хоёр зуухан дээр түлээд үзэхээр бодит лабораторийн шинжилгээнээс харахад уламжлалт зуух дутуу шатаагаад байна. Сайжруулсан түлш нь хүний биед сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангаж байна, дотоод орчиндоо угаар үүсгэнэ, гадаад орчинд хүний биед аюулгүй гэж гаргасан. Энэ лабораторийн дүн эргэлзээтэй байж магадгүй гээд бид буцаагаад явуулсан. Бид сая зуухан дээр хийсэн туршилтыг үзэхэд бодитойгоор Монгол Улсад байгаа лабораторын шинжилгээгээр батлагдсан. Эхний жилд төгс хийсэн гэх зүйлгүй. Шат дараалан шалтгааныг нь тодруулаад явж байгаа.

-Шалтгаан нөхцөлөө олоход хугацаа их шаардсан гэж танд санагдахгүй байна уу?

-2019 онд эхэлсэн төсөл. 2020, 2021 онд цар тахал гээд бүх зүйл зогссон.

-Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны саналын хариу хэзээ гарах вэ. Ирэх намар хүйтний улирал эхлэнгүүт айл өрхүүдийн зуухыг зайлшгүй солих шаардлага гарч байна гэж ойлголоо. Энэ тохиолдолд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжээд зуухыг нь худалдаад авах боломжтой юу? 

-Үйлдвэрлэгч болон импортлогчдоо хамтад нь дэмжих байх. Үнийг буулгах асуудлыг Засгийн газар шийднэ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэвшүүлж байгаа санал нь сайжруулсан түлшийг гадаад орчинд гарч байгаа угаарыг нь багасгахын тулд стандартын зуух ашиглахгүй юм бол болохгүй гэдгийг хэлж байгаа. Шийдвэр нь яаж гарах нь бодлогын яамны асуудал. Мэргэжлийн байгууллага хяналт шалгалтынхаа үр дүнд энгийн зуухан дээр түлсэнээс сайжруулсан зуухан дээр түлсэн нь хамаагүй илүү бүрэн шатаагаад утаагаа бага гаргаж байгаа гэсэн саналыг хэлсэн.

Хуваалцах:

Exit mobile version