Site icon Nlive.mn

ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхэд өгөх ЗӨВЛӨГӨӨ

Жил бүрийн энэ үед эцэг, эхчүүдийн хамгийн их санааг зовоож, анхаарал хандуулдаг асуудал бол Элсэлтийн Ерөнхий Шалгалт. Суурь боловсрол эзэмшиж, ЕБС төгсөн их дээд сургуульд элсэх бэлтгэлээ базааж буй сурагчдын завгүй өдрүүд үргэлжилж байна.

Яг энэ цаг үед “СИТИ” Их сургуулиас ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хандан зөвлөгөө гаргажээ. Хичээлдээ анхаарал хандуулж буй хүүхэдтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаарх зөвлөгөөг эцэг, эхчүүд та бүхэнд хүргэж байна. Шалгалтад амжилт үзүүлэх нь зөвхөн хүүхдээс бус танаас ч хамаарна гэдгийг тэд анхааруулан зөвлөжээ.

1. Чиглүүл, тусал

Хүүхэдтэйгээ үр дүнтэй зөв яриа өрнүүлж, чиглүүл. Та хүүхдийнхээ сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлж, стресс бухимдлаас хол байлган, цагаа зөв зарцуулахад нь туслаарай.

2. Цагаа удирдахад нь тусал

Математикаа анхаарах, уран зохиолдоо санаа зовох, англи хэлээ давтах, монгол хэлээ судлах, шалгалтад бэлдэх, ирээдүйгээ төлөвлөх гэх мэт ачаалал огцом нэмэгдэнэ. Та тэдэнд туслахын тулд долоо хоног, өдөр, цагаар нь хуваарь гаргаж, үр дүнтэй хичээл давтахад нь чиглүүлээрэй.

3. Дэмж, урамшуул

Хүүхдийнхээ чадаж байгаа зүйлийг чин сэтгэлээсээ дэмжиж, сайхан үгээр урамшуулан магтаарай. “Чиний ирээдүй энэ шалгалтаас хамаарна”, “Хэрвээ чи мөрөөдөлдөө хүрэхийг хүсэж байгаа бол шалгалтаа сайн өгөх ёстой” гэх мэт хөндий, албархаг үгээс зайлсхийж “хамгийн сайнаараа л ажилла”, “Энэ бол зүгээр л шалгалт, миний хүүгийн/охины ирээдүй хичээл зүтгэлээс л шалтгаална” гэх мэт үгсийг ашиглаарай.

4. Хариуцлага бүү үүрүүл 

“Шалгалтад хангалттай оноо авбал” гэх зэргээр ямар нэг зүйл амлах нь тэдэнд том дарамт гэдгийг санаарай. Хангалттай оноо авахгүй байсан ч бид үргэлж дэргэд чинь байна гэдгийг мэдрүүлж, илүү анхаарал хандуулаарай. Мөн өөртөө итгэлтэй, тайван, нухацтай байхыг зөвлөж, хэт их ачаалал, хариуцлага үүрүүлэхгүй байхыг хичээгээрэй.

5. Орчин, нөхцөлийг бүрдүүлж өг

Хэдий та чухал ажилтай байсан ч аль болох хойш тавьж хүүхдийнхээ шалгалтад бэлтгэх орчин нөхцөлийг нь гэртээ бүрдүүлж, шаардлагатай сургалтад хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгөх хүмүүстэй холбож, хэрэгцээт зүйлсийг бэлдэж өгөөрэй.

Exit mobile version