Home Эдийн засаг Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

0
Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тус аймгийн Ханбогд суманд болсон “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураг ёслолын ажиллагаанд оролцож үг хэллээ.

Тэрбээр,

Эрхэм Монгол ахан дүүс ээ,
Эдүгээ цагт Монгол Улсын эдийн засгийн ачааны тэн хагасыг үүрч буй Өмнийн их говийн иргэд ээ, хүндэт ханбогдчууд аа,
Энд хуран цуглаж түүхэн мөчийн гэрч болж буй хүндэт зочид, төлөөлөгчид өө

Миний бие 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр буюу одоогоос яг гурван сарын өмнө Оюу Толгой төслийн Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, Оюу Толгойн гүний уурхайн эхний тэсэлгээг хийх түүхэн мөчид хөрөнгө оруулагчдын хамт Ханбогд суманд ирж байсан.

Өнөөдөр ч мөн  “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 103-р тогтоолыг ханган хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ханбогд сумыг орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр дахин ирж байгаадаа баяртай байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудыг Улсын чанартай хот болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн билээ.

Энэ ажлыг эхлүүлж Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрт гарын үсэг зураг зуран баталгаажуулах түүхэн мөчийн гэрч болохоор Та бид өнөөдөр хуран цуглаад байна.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд өөрийн эдийн засгийг бие даан бүрдүүлж, Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй аймаг орон нутгийг бодлогоор онцгойлон дэмжиж ажиллах болно.

Ханбогд сумыг жишиг хот болгон хөгжүүлэх өнөөдрийн хөрөнгө оруулалт нь Өмнийн их говьд шинэ хот сүндэрлүүлэх Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих түүхэн үйл явдлын зөвхөн эхлэл юм аа.

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Тиймээс бид улсын нийслэлтэйгээ дүйцэхүйц шинэ хотуудыг эдийн засгийн бүс нутгууддаа, шинээр байгуулагдах боомтуудыг түшиглэн байгуулах болно.

Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймагт дэд бүтцийн болон хот байгуулалтын хөрөнгө оруулалтуудыг үргэлжүүлэн хийхээс гадна эрхзүйн хувьд бие даан хөгжих, санхүүгийн хувьд бие даасан шийдвэр гаргах бодит боломжийг бүрдүүлэх болно.

Ханбогд сумыг зөвхөн уул уурхайгаас гадна галбын говийг түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлж, бурхны шашны өвөрмөц дурсгалууд, үлэг гүрвэлийн хосгүй олдворууд, Улаан номонд орсон нэн ховор ан амьтад, мөн 33 мянга гаруй тэмээн сүргээрээ ялгарч экологийн тэнцвэртэй, тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх нь Шинэ сэргэлтийн бодлогын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтын цөм хэсэгт багтсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

“Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого Монгол Улсын өнцөг булан бүрт эрчимжин хэрэгжиж байна.

Ханбогдыг орчин үеийн хот болгон хөгжүүлснээр Ханбогдын иргэд төдийгүй Оюу толгой болон Тавантолгой төслийн ажилтан албан хаагчид, гэр бүлтэйгээ хамт эрүүл аюулгүй шинэ хотод амьдрах таатай боломж бүрдэж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, таталцлын шинэ соронзон орныг үүсгэх боломж бүрдэх юм.

Та бид хамтдаа цар тахлын мөн дайны үеийн амаргүй цаг хугацааг туулж байна. Дэлхий даяар сорилттой энэ цаг үед Эрдэнэт, Оюу Толгой, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон ордуудаа түшиглэсэн аж ахуйн нэгжүүд тэр дундаа уурхайчин та бүхэн эх орондоо түүхэн хувь оруулсаар байгаад Монгол улсын нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Хүнд цаг үе хүчирхэг хүмүүсийг төрүүлж, хүнд сорилт шинэ боломжийг авчирдаг гэдэг.

“Шинэ сэргэлтийн бодлого”-оо бүх нийтээрээ хэрэгжүүлж, дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх Оюу Толгойн төслийн Гүний уурхай  ашиглалтад оруулах өдөр буюу нэг жилийн дараа дахин уулзахын ерөөл дэвшүүлье.

Монгол Улс Мандан бадрах болтугай гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here