Site icon Nlive.mn

Хүүхэд хамгааллын тухай хуулийг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын нарын нийт 13 гишүүний өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Танилцуулгадаа, 2016 оноос хэрэгжиж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайланд “хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдлын илрүүлэлт, авах хариу арга хэмжээ, үйлчилгээ нь хязгаарлагдмал байна. Кейс менежментийн хариу үйлчилгээ практик дээр бараг байхгүй энгийн нөхцөл байдлын үнэлгээ, эсхүл үйлчилгээ үзүүлэх өөр байгууллага руу кейсийг холбон зуучлах эсхүл хаах зэргээр л хариу үйлчилгээ хязгаарлагдаж байна. Энэ нь боловсон хүчний чадавхийн дутагдалтай холбоотой. Төрийн байгууллагад ажилладаг нийгмийн ажилтнууд давхардсан үүрэг хүлээж ажлын ачаалал ихтэй болохыг судалгааны үр дүн харуулж байна. Кейстэй ажиллаж чадахгүй байгаа нь, эсвэл хангалттай цаг байхгүй гэдэг бэрхшээл нь хамтарсан багт ажилладаг нийгмийн ажилтнууд нь мэргэжлийн бус байдаг, мэргэжлийн эрх олгох тогтолцоогүй, эсвэл чадвар сул, нийгмийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах явдал хязгаарлагдмал гэсэн бусад бэрхшээлүүдтэй хавсарч тохиолдож байна. 2016 оны 12 дугаар сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлахдаа тухайн оны 2 дугаар сард баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиас хамтарсан багийн зохион байгуулалт, чиг үүрэгтэй холбоотой заалтуудыг хассан. Ингэснээр хүүхэд хамгаалалтай холбоотой манлайлал, удирдлага зохион байгуулалтын дэмжлэгийг бууруулж, нийгмийн ажлын үйлчилгээнд зориулах санхүүгийн хуваарилалт, хариуцлагыг дутуу үнэлэн, улмаар хамтарсан баг нь хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахгүй, зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад илүү их анхаарах ёстой гэсэн хандлагыг бий болгох дүр зураг харагдаж байна гэж дүгнэсэн. Иймээс хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн хуулийн 2 болон 3 дугаар зүйлд зарчим, хамрах хүрээг нэмэх, Хүүхдийн хамгаалагдах эрхийн хүрээнд хуулийн 4 дүгээр зүйлд хүүхэд хамгааллын кейс үйлчилгээний талаарх нэр томъёог олон улсын жишигт нийцүүлэн шинээр нэмж тодорхойлохоор тусгасан. Мөн хуулийн хоёрдугаар бүлэгт Хууль зүйн салбар дахь хүүхэд хамгаалал гэсэн 10 дугаар зүйл нэмж оруулах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд орон нутгийн түвшинд /сум, хороонд/ хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, тэднийг бодлого, зохицуулалт, удирдлага арга зүйгээр хангах чиг үүргийг ХНХЯ, түүний харъяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, мөн хуулийн 23 дугаар зүйлд хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох, аргачлал, журмын талаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа нар үг хэлэв. Гишүүд хүүхдийг хүчирхийлэлд өртсөний дараа бус хүчирхийлэлд өртөхөөс өмнө хамгаалах, урдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажиллах, хүүхэдтэй ажиллаж байгаа багийнхныг мэргэжлийн сургалтад хамруулах, хүүхдийн хүчирхийлэл гэдэгт юуг ойлгохыг тодорхойлж, асуудалд цогцоор нь хандах шаардлагатай гэлээ. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив.

Exit mobile version