Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Европоос ачаа тээвэр хэрхэн орж ирж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас тодрууллаа.
Түүний асуултад ЗТХ-ийн сайд Л.Халтар “Одоогоор Европоос төмөр замаар ямар нэгэн хүндрэл байхгүй тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Польш, Беларусийн хил дээр гал тэрэгний солилцоо хэвийн байгаа.
Автотээврийн хувьд Беларусиар дамжин өнгөрөх дээр Европын орнуудаас хориг тавьсан. Тиймээс Беларусийг тойроод Прибалтикийн орнуудаар, Москвагийн хойгуур төв магистраль руу орж байгаа.
Харин зарим компаниуд Турк, Гүрж, ОХУ гэсэн маршрутаар явж байна.
Өнөөдрийн хувьд ОХУ талаас хоригийн хувьд харьцангуй гайгүй. Харин Европын орнууд ОХУ-ын тээврийн хэрэгсэлд нь хориг тавиад байгаа. ОХУ-ын талаас Европын орнуудын тээврийн хэрэгсэлд хараахан хориг тавиагүй байгаа учраас Европоос ОХУ-аар дамжин Монгол руу хийх тээвэр хэвийн явж байна.
Цаашид ОХУ Европын тээврийн хэрэгсэлд хориг тавьсан нөхцөлд монгол жолооч, монголын тээврийн хэрэгсэлтэйгээр Европын орнууд болон ОХУ-д өртөөчилсөн тээвэр хийх боломжийг нээхээр оросын талын зарим компанитай хэлцэл хийж эхлээд байна” гэлээ.