УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны (сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээлийн хоцрогдлыг арилгах, сургалтын чанар үнэлгээ, сурах бичгийн агуулга) тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр 2004-2018 онд нийт 21 удаагийн шийдвэрээр өөрчлөгдсөн гэдгийг БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцлоод сурагчид боловсрол эзэмших явцдаа эргэцүүлэн бодох, харьцуулах, шүүмжлэлт сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх, шинэ зүйл бүтээх эрмэлзэл зэрэг олон чадварыг өөрийн болгох ёстойг дурдсан юм.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр хэт олон хичээлтэй болж, сургалт академик шинжтэй болсон. Өөрөөр хэлбэл, 21 дүгээр зууны иргэдэд шаардагдаж буй ур чадварыг олгохын тулд тэр болгонд нь тохирсон хичээл шинээр оруулж ирэх хандлагатай болж байна. Иймээс багшийн мэдлэг, ур чадварыг тогтвортой дээшлүүлэх, ажиллах бололцоог хангах, сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, сурагчийн үнэлгээний асуудлыг сайжруулах онцгой анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.
Хөтөлбөрийн бодлого сул, хөтөлбөрийн шинэчлэлийг бэлтгэлгүй хийдэг бөгөөд зарим хичээлийг улстөрчид болон тодорхой сонирхлын бүлгийн шахалт, захиалгаар судалгааны үндэслэлгүйгээр хөтөлбөрт оруулснаар сурагчдын ачааллыг хэтрүүлэн, зайлшгүй судлах шаардлагатай хичээлийн судлах цагийг багасган байна. Зарим хичээлийг нэгдмэл агуулгатай болгож, интеграцчилан сурагчдын ачааллыг багасгах арга замыг хайх зайлшгүй шаардлага тулгарч байна. Одоо хэрэгжиж буй хөтөлбөрөөр судлагдахууны тоо I-III ангид 7, IV-V ангид 10 хичээл, VI-IX- ангид 15-17 хичээл, Х-ХII ангид 16 хичээл судалж байна. Яамны зүгээс хөтөлбөрийн менежментийн циклийн хүрээнд 2022 онд сургалтын шинэ хөтөлбөрийнхөө үзэл баримтлалыг баталж цаашид сургалтын шинэ хөтөлбөрийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, багшаа бэлтгэх, сурах бичгээ шинээр боловсруулах, шинэ хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг цогц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 27-ны хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан. Хоцрогдлыг нөхөх ажлыг 3 үе шаттайгаар 2021-2023 онд хэрэгжүүлэх юм. Танхимын сургалт, үйл ажиллагаа төдийгүй спорт, урлагаар хичээллэх, сонирхлын дагуу дугуйлан секцэд хамрагдах, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих төлөвлөгөөт ажил зэрэг сурагчдын нүүр тулсан харилцааг хязгаарлахын хэрээр тэдэнд бие биеэ хүндэтгэх, шинэ орчин, нээлттэй харилцаанд дасан зохицох, бусдаас суралцах, багаар хамтран ажиллах, асуудлыг хамтран шийдэх зэрэг ур чадвар эзэмшихэд ихээхэн бэрхшээл учирч байна. Энэ бүхнээс харахад танхимын сургалтыг тасралтгүй явуулах нь хүүхдийн хөгжил, төлөвшилд нэн чухал байна. Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах чиглэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж буй дараагийн асуудал бол аймаг, сум, дүүргийн сургуульд сурч байгаагаас үл хамаарч ахлах ангийн хүүхдүүд сонгон судлах хичээлээ улсын шилдэг багш нараас сонгон сургалтын нэгдсэн платформоор /MEDLE.MN/ судлах боломжийг бүрдүүлэх юм. Энэ хүрээнд виртуал ахлах сургуулийг хөгжүүлэх, сонгон судлах хичээлийн чанарыг сайжруулахад ахиц гарахаас гадна байршлаас үл хамаарч ахлах ангийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа Л.Энх-Амгалан сайд мэдээлэлдээ онцоллоо.
Дараа нь сургалтын чанар, үнэлгээний асуудлын талаар товч мэдээлэл хүргэв. 2022-2023 оны хичээлийн жил нь өмнөх жилүүдээс илүү онцлогтой, боловсролын салбарт чанарын өөрчлөлт гаргасан жил байна. Суралцагчдад хоцрогдлоо нөхөх, сургалтын тэгш боломжийг нэмэх, багшийг тасралтгүй хөгжүүлэхэд боловсролын цахим шилжилт, боловсрол, сургалтын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр гүйцэтгэл, үр дүнд суурилсан төсвийн шинэчлэл, чанар, гүйцэтгэлийн үнэлгээний үндэсний тогтолцоог хөгжүүлэх зорилтьг дэвшүүлэн ажиллаж байна.
Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдын хоцрогдлын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор оношлох үнэлгээг 2021 оны 9 дүгээр сард, сургуульд суурилсан үнэлгээг 2021 оны 10 дугаар сард тус тус зохион байгуулжээ. Энэ үнэлгээгээр бага боловсролын сурагчийн сурлагын түвшин 50.3 хувь, суурь боловсрол 36.4 хувь, бүрэн дунд 36 хувьтай байна. Тэд эзэмших мэдлэг, чадварынхаа 50-64 хувийг сурч чадаагүй байна. Мөн хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн орсон сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд зохион байгуулсан бөгөөд энэхүү үнэлгээгээр хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын гүйцэтгэл 60.7 хувьтай байна. Цаашид үндэсний түвшинд элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар боллоо. Монгол хэл бичгийн шалгалтыг 3, гүйцэтгэлийн үнэлгээг 2 удаа, боловсролын чанарын үнэлгээ, сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг тоггмол гүйцэтгэж байх тогтолцоонд шилжиж байна. Монгол Улс анх удаа 2022 онд сурлагын амжилтын олон улсын үнэлгээ болох PISA-д хамрагдана гэв.
Салбарын сайд мэдээллийнхээ төгсгөлд сурах бичгийн агуулгын судалгааны талаар товч мэдээллэсэн. Сурах бичгийн агуулгын судалгааг 33 төрлийн 174 сурах бичигт анх удаа хийж гүйцэтгэснийг дурдаад энэхүү судалгаагаар сурах бичиг, түүний дагалдах багцын (дасгалын ном, багшийн ном, хэрэглэгдэхүүн) өнөөгийн хөгжлийн төлөв байдалд дүгнэлт хийж, цаашид сурах бичгийн талаарх үзэл баримтлал, баримтлах бодлого, стандарт, үнэлгээний үндсэн асуудлуудыг нээн илрүүлж шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго тавьсныг онцолсон. Хөтөлбөрийн менежментийн циклийн хүрээнд сурах бичгийг шинэчлэн сайжруулах бөгөөд цаашид дараах ажлыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байна. Үүнд, сурах бичиг судлалыг хөгжүүлэх, сурах бичигт тавих стандартын шаардлагыг шинэчлэх, шинээр боловсруулсан сурах бичгийг тодорхой хугацаанд туршсаны үндсэн дээр сайжруулж, нийтээр хэрэглэх, сурах бичгийн агуулгыг боловсролын түвшин, хичээл хоорондын залгамж холбоог хангах, танин мэдэхүйн дээд эрэмбийн даалгаврыг түлхүү оруулах, үндэсний ёс заншил, өв уламжлал, үндэстэн, ястны онцлог, үнэт зүйлсийг танин мэдэх агуулгыг хичээлийн онцлогтойгоор тусгах шаардлагатайг сайд мэдээлэлдээ дурдав.