Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Даваасүрэнгийн Гэрэлмаа НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Валоваяд энэ сарын 4-нд Итгэмжлэх захидлаа барив.
Итгэмжлэх захидал гардуулах ёслолын үеэр Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжиж ирсэн НҮБ-д талархал илэрхийлэв. Мөн Женевд төвтэй олон улсын байгууллагуудтай хүний эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж, дэлхий дахины өмнө тулгарч буй шинэ сорилтуудыг даван туулах хүрээнд эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчны асуудлаарх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхий захирал Т.Валовая Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаад баяр хүргэж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг дэмжих чиглэлээр НҮБ-ын Женев дэх төв тэргүүлэх ач холбогдол өгч буйгаа мэдээлэв.