Home Онцлох Орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгө, татварын бодлогоор дэмжинэ

Орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгө, татварын бодлогоор дэмжинэ

0
Орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгө, татварын бодлогоор дэмжинэ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын тархалт 2022 он гарснаар эргэн идэвхсэнтэй зэрэгцэн ОХУ болон Украин улсын нөхцөл байдал хүндэрсэн нь Монгол Улсад эдийн засаг, хэрэглээний үнийн өсөлтөд өндөр нөлөө үзүүлж буй учир 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг нэн яаралтай хэлэлцэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөснийг тэрбээр онцлов.

Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан, Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шатгай шийдвэрлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэх бодлого хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг байдлыг зогсоохоор төлөвлөсөн байна. Мөн нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох аж.

Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ хэмээн А.Ариунзаяа сайд танилцуулав.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр тогтлоо.

Мөн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлд төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтыг тогтоожээ. Тус хуулийн төсөлд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр нийт 39.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргахаар төлөвлөсөн гэдгийг сайд онцолсон. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй байгаа энэ хүнд цаг үед иргэдийнхээ бодит орлогыг хамгаалахад чиглэсэн хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас он дуустал чөлөөлөх хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө, орон нутагт бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зохицуулалтыг тусгажээ. 2022 оны төсвийн жилээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутаг дахь ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, театр, чуулга, музей, номын сан, сумын соёлын төв зэрэг байгууллагын байрны үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн албан хаагчдын цалинг ялгаатай эх үүсвэрээс олгодог болсноор салбар, салбарын хэмжээнд ажиллагсдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, түүнтэй уялдсан цалин хөлсний бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн тул үйлчилгээний албан хаагчдыг үндсэн байгууллагадаа харьяалагддаг байхаар хуулийн төсөл болон Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд тус тус холбогдох өөрчлөлтийг тусгасан гэв.

Түүнчлэн төсвийн тодотголд тусгасан төрийн өмчийн засаглалын шинэчлэл, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн бодлогуудыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн төслийг дагалдуулж холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт хийх хөрөнгө, оруулалт хэт их танагдсаныг дурдлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, төрийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд том оврын автомашиныг албан тушаалтнууд нийслэлд унахгүй байхаар тусгасан хэмээгээд тэдгээр том оврын машиныг хаана төвлөрүүлж байгаа, цаашид хэрхэн ашиглах талаар тодруулсан.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, төрийн бүртгэлтэй 9000 орчим автомашин байдаг бөгөөд Засгийн газрын гишүүд болон түүнээс дээш албан тушаалнууд, тусгай үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид авто машин унахаар хуулийн төсөлд тусгасан гэлээ. Тусгай чиг үүргийн байгууллага буюу эрүүл мэнд, хилийн цэрэг, цагдаагийн байгууллагад нэн шаардлагатай машиныг шилжүүлэн, тодорхой тооны машиныг Засгийн газрын авто баазад дуудлагаар үйлчлэх зориулалтаар хуваарилж, тодорхой машиныг дуудлага худалдаагаар худалдана гэв. Зарагдсан автомашиныг мөн дуудлагаар ашиглах асуудлаар хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахаар ярилцаж байгаа гэв.

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс санал гаргаагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд шилүүлэхээр тогтлоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here