Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар эмнэлэг барих ажил 2015 онд эхэлж 2019 онд Монголын талд хүлээлгэн өгсөн юм. Энэ бол барилга ашиглалтад оруулсан хэрэг биш, Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог нэвтрүүлсэн том хөрөнгө оруулалт байлаа. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог улам бэхжүүлэх зорилгоор Засгийн газар шийдвэр гарган Монгол Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүлсэн. Өнөөдөр АШУҮИС дэргэдээ:
- 4 эмнэлэг
- 2 сувилал
- 3 хүрээлэн
- 1 оношилгооны төв ажиллуулж байна.
Аливаа улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоо нэвтэрснээр эрүүл мэндийн салбар нь хөгжлийн хувьд шат ахих боломж бүрддэг болохыг олон улсын туршлага баталж байна. Сургалт-судалгаа-эрдэм шинжилгээг хамтруулснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирч, эмч мэргэжилтнүүдийн ур чадвар дээшилдэг байна.
Эрүүл мэндийн салбарт барилга байгууламж, дэд бүтэц сайжирч, менежмэнт үйл ажиллагаа тогтворжихоос гадна хүний нөөцийг чадавхийг бэхжүүлэх нь нэн тэргүүний зорилт юм. Тиймээс “Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо” сэдэвт олон улсын симпозиумын үеэр энэ сэдвүүдийг хөндөж байна. Симпозиумын үеэр 13 илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, 300 гаруй төлөөлөгч биечлэн оролцож байна. Харин цахимаар 100 орчим мэргэжилтэн хамрагдаж байгаа юм. Энэ үеэр Японы эмч нарын арга туршлагаас ч хуваалцах юм байна. Цар тахлын хүнд хэцүү цаг үед Монголын эмч нар, эрүүл мэндийн байгууллагууд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Эрүүл мэндийн салбарт ачаа үүрэг тэнхээтэй болсон. Үүнийг улам бүр бэхжүүлэхийн төлөө хамтарч ажиллана гэдгээ БШУ-ы сайд онцоллоо.