Лигдэн хутагт хааны ордны найралд тоглож байсан аяны алтан нот олдсон учир түүнийг сэргээн тоглуулж байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд Монгол нутгаас олдсон, монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг дахин сэргээн хийж, “Чингис хаан” музейн дэргэд найрал хөгжмийн баг бүрдүүллээ.
“Хаан найрал” нэртэй хөгжмийн найрал нь эртний монголчуудын хэрэглэж байсан олдвороос илэрсэн 20 орчим хөгжмийн зэмсгийг шинээр үйлдэж, эгшиглүүлж байгаа юм. Мөн “Чингис хаан” музейн “Хаан найрал”-ын анхны хөгжим нь Монголын сүүлчийн эзэн хаан Чингис хааны удмын Лигдэн хутагт хааны ордны найралд тоглож байсан аяны алтан нот олдсон учир түүнийг сэргээн тоглуулж байна. Өөрөөр хэлбэл, 400 жилийн дараа Лигдэн хааны ордны найрал хөгжмийг “Их Монгол” нэртэйгээр өнөөдөр Төрийн ордонд тоглолоо. Лигдэн хааны ордны найрлын алтан үсгээр тэмдэглэгдсэн нотыг орчин үеийн нотоор сольж бүтээсэн. Монголын хөгжмийн түүхэнд эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг анх удаагаа тоглож байгаа бөгөөд Монголын Их хаадын ордны найрал хөгжмийн түүхийг тодруулж буйгаараа онцлогтой. Уг найрал Чингис хаан музейд гадаад, дотоодын жуулчдад тоглох, Монголын хөгжмийн түүхийг дахин бий болгох, сэргээн хөгжүүлэх, соёлын өвийг сурталчлах, ард олныг соён гэгээрүүлэх, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм. Мөн үзэсгэлэнгийн танхимд хөгжмийн эх үзмэрийг байрлуулж, тоглолтын танхимд олдвороор олдсон хөгжмийн зэмсгүүдийг сэргээн тоглуулах, түүний түүхэн хөгжлийг харуулсан баримтад киног үзүүлэхээр бэлтгэсэн байгаа юм.
Үлээвэр хөгжим:
Зэмсэг | Аймаг | Цараа (чавхдас) | Тоо |
Ясан лимбэ | яс | b- c3 | 1 |
Хурган чих | c1 – c1 | 1 | |
Хашгираа их дуут хатан улаан бүрээ | 1 | ||
Цуур | Мод | 1 | |
Ясан шовшуур | Яс | 1 |
Ясан лимбэ:
Энэ бол өнөөг хүртэл олдоод байгаа дэлхийн хамгийн эртний лимбэ юм. Тэдгээр лимбэний ихэнхийг ясаар хийсэн бөгөөд урт нь 61-63 см, диаметр нь 2 см орчим байдаг. Ихэнх лимбэн дээр 2 хөндлөн нүх гаргасан бөгөөд зарим нь 1, зарим нь 3 нүхтэй байдаг. Зарим лимбэний дотор нарийн ясаар хийсэн хэл шиг зүйл байдаг бөгөөд лимбийг үлээх үед түүнийг нааш цааш хөдөлгөвөл яруу тунгалаг дуу гардаг байна.
Хүннүгийн үеэс үүдэлтэй гэж үздэг энэ хөгжмийг хөндий хулсаар хийж байснаа одоо ерийн хөндий модоор хийдэг болсон байна. Тохой илүү нарийн хөндий модны дээд оройд нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлаж, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг. Их биенд цуварсан нүх гаргаж, тэдгээр 4-н нүхээр өнгө солигдуулж, өндөр нам эгшиг үүсгэдэг байна. Хэдийгээр дуу нь аялгуулан тоглохгүй ч гэсэн хүний хоолойн хөөмий мэт сонин янзын өнгөөр байгалийн дуу чимээ, салхи, шувуудын жиргээ мэт дуу авиаг уянгалуулан дуулах мэтээр хөгжимддөг ажээ. Хэмжээний хувьд эрт дээр үед хоёр тохой дөрвөн ямх байсан гэдэг. Орчин үед 30-40 см-ээс илүүгүй болсон байна. Энэхүү шулуун цуур хөгжмийг эрт дээр үеийн гэж хэлэх үндэс нь Хүннүчүүдийн хааны хатан болж, монгол нутагт олон жил аж төрсөн хятадын хан улсын Цай Вэнь Жи гүнжийн модон цуурын магтаал 18 бадаг шүлэг байсан хэмээн хөгжим судлаач Ж.Бадраа агсан “Монгол ардын хөгжим” номондоо мэдээлсэн байна.
Хашгираа их дуут хатан улаан бүрээ:
Энэ нь сүрлэг дуутай тул дайсан этгээд дууг сонсоод манаран унадаг, хийгээд төрийн бат хүндийн бэлгэдэл аж. “Хашгираа их дуут хатан улаан бүрээ”-г хараа ихт хар сүлдний догшуулгад заавал хэрэглэдэг байснаас гадна тусдаа нэгэн шүтээн болгон шүтсээр ирсэн байна. Энэ бүрээ нь тэнгэрийн мянган луу донгодсон мэт дуугардаг болохоор дайсан этгээд сонсмогц манаран унадаг болохоор ерийн үед амыг нь дээш нь харуулан залдаг байжээ.
Хурган чих:
Монголын эртний хөгжмийн зэмсэг Хурган чих нь Архангай аймгийн Өндөр Улаан сумаас олдсон.
Эртний Монголын хөгжмийн зэмсэг Хурган чихээр гологдсон хургыг авхуулдаг. Халуун хошуутай малын хошууг бэлгэдэн хийсэн бага насны хүүхдэд зориулагдсан цорын ганц хөгжмийн зэмсэг “Хурган чих”-ийн байгал дэлхийгээ аргадсан өнгө төрхтэй ая эгшиглээ нь өвөл зуд турхангүй өнтөй өвөлжихийг, зун ган гачиг үгүй зусахыг, хавар хавсрагагүй байхыг бэлгэддэг хэмээн монголчууд түүний дууг ихэд бэлгэшээдэг зан үйлтэй байжээ. Монголын эртний нүүдэлчдийн үлээвэр хөгжмийн зэмсэг “Хурган чих” өдгөө бараг устах аюулд өртөж буй соёлын биет өвийн нэг болжээ.
Ясан шовшуур:
Энэхүү олдвор нь мал, амьтны шагайт чөмөгний хоёр үзүүрийг огтолж, бүдүүн үзүүрийн ирмэг дээр доош харсан трапец хэлбэртэй хоног гаргаж цоолсон ясан эдлэл бөгөөд эртний анчдын ясан шовшуур буюу шүгэлний нэгэн төрөл болох юм. Энэ ясан шүгэл нь хүрлийн хожуу үе буюу нарийвчилсан он цагаар (C14) НТӨ 1042±31 он гэж гарчээ. Үүнээс үзэхэд энэхүү ясан шүгэл нь одоогоор манай улсын нутгаас олдоод буй хамгийн эртний хөгжмийн зэмсгийн нэг төрөл юм.
Чавхдаст хөгжим:
Зэмсэг | Аймаг | Цараа | Тоо |
Алтайн ятга | Мод | 2 | |
Бийваа | Мод | 2 | |
Хүлэг хааны ордны босоо ятга | Мод | f – f3 | 2 |
Янчир (Ёочин) | Мод | f – f3 | 2 |
Хүннү ятга | Мод | 1 |
Алтайн ятга:
Ховд аймгийн Манхан, Чандмань сумын зааг Жаргалант Хайрхан уулын Нүхэн хадны оршуулгаас олдсон 7-8 дугаар зуун буюу эртний Түрэгийн үед хамаарагдах морин толгойтой ятга. Мод хусны үйсээр хийсэн. Өндөр нь 12,7 см, өргөн нь 10,4 см, урт нь 72,4 см. Урт нумарсан хүзүү бүхий их бие, голдоо трапез хэлбэрийн тэвхтэй нимгэн цараас бүрдэнэ. Их бие нь хоёр үзүүр рүүгээ нарийн завь мэт хэлбэртэй. Зэмсгийг хүзүүг их биеээс ухаж гаргасан бөгөөд нилээд нарийн чимхлүүр ур хийцтэй бөгөөд хүзүүг хусны хальсаар ороосон нь цагийн аясаар харлажээ. Хүзүүний болон их биеийн хоёр талд тус бүр нэг нэг мөр нийт 6 мөр бичээстэй[1] хэмээн тодорхойлжээ.
[1] Д.Батсүх, Т.Батбаяр. Жаргалант хайрханы хадны оршуулга “Талын морьтон дайчдын өв соёл” УБ., 2014. 236-р тал
Бийваа:
Манай эрний II зууны үеийн Лю Си – гийн “Ши мин” гэдэг зохиолын мэдээгээр бийваа ( пийпаа ) хөгжим хүннүгээс хятадад орсон байна. Хятадын Тан улсын үед бийваа хөгжим сайн тоглодог хүннү хүн Дундад Азийн орноос хятадад очиж байжээ. Хятадын орчин үеийг хөгжим судлаачдын үзэж байгаагаар бийваа гэдэг нь хятад үг бус бөгөөд уг үгийг хятадын Цинь улсын ( мэө 246 – 207 он ) үед хэрэглэж байжээ. Хүннү нарт бийваа байсан байна [1]
Хүлэгү хааны ордны ятга:
XIII зууны персийн зураачдын зурсан Ираны музей, Берлины номын санд хадгалагдаж буй Хүлэгэ, Өлзийт хаантай холбогдох чухал сурвалжийг тэмдэглэн үлдээсэн дүрслэх урлагийн бүтээлүүдийг харьцуулан судалж 7, 9, 11 чавхдаст босоо ятга хөгжмийг 2015 онд сэргээн бүтээж СУИС-ийн сургалт уран бүтээлийн эргэлтэд оруулсан билээ.