Site icon Nlive.mn

“Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 6-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулав

Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгууллаа. Эмнэлгийн дүрмийг баталж, зохих тусгай зөвшөөрөл олгох, эрүүл мэндийн даатгалын сантай холбогдсон асуудлыг шийдвэрлэж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгов.
Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол гарч энэ оны хоёрдугаар сард “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т буцаан авахыг даалгасан юм.
“Мепидас” эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасалдуулахгүй хэвийн явуулах, хөрөнгийг буцаан хүлээн авах, эдийн засгийн тооцоо, судалгаа хийх зэрэг ажил хийгдэж байна.
Тус эмнэлэг нь төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тусгай зөвшөөрөлтэй бөгөөд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг Эрдэнэт үйлдвэрийн ажилтан нарт болон Орхон аймаг, бүс нутгийн иргэдэд үзүүлж байна.

Нийслэлийн 468 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна
Цар тахлын улмаас 2022 оны нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан үнийн өсөлтийг бууруулах зорилгоор бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махны нэг кг тутамд 900-1100 төгрөгийн дэмжлэгийг батлагдсан төсөвтөө багтаан олгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болголоо. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан үхрийн ястай мах 8900 төг/кг, хонины ястай мах 8300 төг/кг, ямааны ястай мах 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 дэлгүүрээр худалдаалж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо.
Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа.
Үндэсний статистикийн хорооны “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-нд Монгол Улсын хүн амын тоо 2045 он гэхэд таван сая хүрэх нарийвчилсан тооцоо гаргажээ.
Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны тоо хэмжээг хоёр саяар нэмэгдүүлж, давуу эрхийн хувьцааг таван сая болгон Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх, бүртгэлийг баталгаажуулна. Ингэснээр байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх боломж бүрдэнэ.

Товч мэдээ

 

Exit mobile version