Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 19.8-д заасан “эсктремист үйл ажиллагаа явуулах” гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг тагнуулын байгууллага саатуулжээ. Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн П.Өгөөмөр өнөөдөр мэдээлэхдээ, “Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд “Иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заасан. Энэ эрхийнхээ хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуунд өдөөн хатгах, турхирах зорилгоор зохион байгуулалтад орсон этгээдүүдийг тагнуулын байгууллага илрүүлэн шалгаж байна. Дээрх таван этгээд нь эсктремист үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн бэлтгэж байсан. Тухайн этгээдүүдийн гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал обьектыг зэвсэглэн хяналтадаа авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс илэрсэн.
Нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрснээс сер дугаарыг нь зориудаар арилгасан АК-47 маркийн автомат буу нэг, уолтер болон ТТ-50 маркийн гар буу тус бүр нэг, бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг байсан. Үүнээс гадна 7.62 мм-ийн байлдааны сум 274, 6.5 мм-ийн сум 82, 223 мм-ийн сум 149, 5.6 мм-ийн сум 291, 12 мм-ийн сум 57, 16 мм-ийн сум 14 ширхэгийг илрүүллээ. Мөн тэсэрч дэлбэрэх хэрэгсэл илэрснийг хураан аваад байна. Дээрх таван этгээд нь зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрч байна. Түүнчлэн энэ хэргийн нэг холбогдогч нь хууль бус үйл ажиллагаандаа ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудан хүнд гэмтэл учруулсныг тагнуулын байгууллага нэгтгэн шалгаж байгаа” гэлээ.
Иргэдийн зохион байгуулж буй тайван жагсаалын үеэр тэсэрч дэлбэрэх хэрэгсэл ашиглан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой бүлэг этгээд байхыг үгүйсгэхгүй гэдгийг тэрбээр онцлов. Мөн жагсаал цуглаанд оролцож буй иргэдийг анхаарал болгоомжтой байж, бусдын өдөөн хатгалгад өртөхгүй байхыг сэрэмжлүүлсэн юм.
Эх сурвалж:Монцамэ