Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтуудыг дэвшүүлсэн.
Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлт”-ийг тодорхойлж, цаашид “Орон нутгийн аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын тусламжтайгаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ” гэдгийг цохон тэмдэглэсэн байдаг. Иймээс БОАЖ-ын сайдын ивээл дор Монголын Аялал Жуулчлалын Холбоо (МАЖХ)-ноос санаачлан Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв (АЖХТ)-тэй хамтран “21 аймгийн аялал жуулчлалын холбоодын үндэсний чуулган”-ыг анх удаагаа зохион байгуулж байна. Чуулганд БОАЖЯ, НАЖГ, АЖХТ, МАЖХ мөн 21 аймгийн БОАЖГ болон аялал жуулчлалын холбоодын нийт 120 гаруй төлөөлөл оролцож байна.
“Аялал жуулчлалын шинэ сэргэлтийн бодлого”-д орон нутгийн холбоод, мэргэжилтнүүдийн хүч оролцоог нэмэгдүүлэх, харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, БОАЖЯ болон МАЖХ-той хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхэд тус чуулганы зорилго оршиж буй юм.
Үүний хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд БОАЖЯ-аас дараах зарим зөвшөөрөл,менежмент, сургалтыг Монголын аялал жуулчлалын холбоонд шилжүүлж байна.
- Жуулчдад үйлчилгээ үзүүлж байгаа аялал жуулчлалын байгууллагуудад ангилал тогтоох, гэрчилгээ олгох
- Аялал жуулчлалын үйлчилгээний ерөнхий шаардлага, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж батлах, эрх бүхий байгууллагат санал хүргүүлэх
- Үндэсний хэмжээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шат дараалсан модуль сургалтыг зохион байгуулах.
- Аялал жуулчлалын гол чиглэл дагуу байгуулагдсан түр отоглох цэгийн менежментийг аймгийн аялал жуулчлалын холбоонд хариуцуулах
- Аялал жуулчлалын гол бүс нутгууд дахь гол нуур, байгалийн үзэсгэлэнт газруудын ойр орчим “Майхантай дотоодын аялагч”-дад зориулсан талбай, төлөвлөлтийг хийх, хариуцлагатай аялал жуулчлалын менежментийг хийх
- 10-аас дээш жил тогтвортой ажилласан баазуудад газрын зөвшөөрлийг удаан хугацаагаар сунгаж өгөх