Коронавируст халдварт цар тахлын үед хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах, экспорт, импортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Боомтын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, Гашуунсухайт зэрэг хилийн боомтын тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгалаа.
Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Гашуунсухайт хилийн боомтоор БНХАУ руу чингэлэг тээврийн терминалиар нүүрс тээвэрлэх үйл явц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-наас зогсоод байсан. Харин Шадар сайд, Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар зохицуулалт хийж, ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгон, дотоодын халдварыг эрс бууруулснаар хоёрдугаар сарын 22-ноос өдөрт 20 чингэлэг тээвэр хилээр нэвтэрч эхэлжээ.
Монголын талаас шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ сарын 12-ноос өдөрт 30 чингэлэг тээвэр, мөн үндсэн тээврээр өдөрт 200 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч эхэлсэн байна.