Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Аймгийн удирлагуудтай уулзаж нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар эхлээд мэдээлэл сонслоо. Ерөнхий сайд,
Тендерийн сонгон шалгаруулалтыг яаралтай дуусгаж хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлэх эрүүл мэндийн үзлэг оношилгооны бэлтгэл ажлыг сайтар хангах, Атрын IV аянд идэвхитэй оролцохыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн иргэдэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулан иргэдийн саналыг сонсов.
Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлогын цөм нь Монгол Улсын эдийн засгийн суурийг тэлэх. 40 их наяд төгрөгийн эдийн засгийг 3-4 дахин нэмэгдүүлэх юм. Энэ зорилгод хүрэхийн тулд Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдэхээр Засгийн газар ажиллаж байна. Орон нутагт тулгамдсан асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоонд тулгуурлах зарчмыг Засгийн газар баримтална.”Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Баян-Өлгий аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болно” гэж ярилаа.
Уулзалтад Баян-Өлгийн аймгийн сум бүрийн төлөөлөл болсон 350 гаруй иргэн оролцлоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус аймгийн эдийн засгийг тэлэх , ажлын байрыг бий болгох төслүүдэд иргэдээс санал авлаа. Баян-Өлгий аймгийн иргэд Ногооннуур сумын нутагт орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал өгөв. Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг зарлалаа. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах танилцуулга хийсэн. Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад хуралдаанаас үүрэг болгожээ. Баян-Өлгий аймгийн иргэдийн саналд үндэслэн Засгийн газраар хэлэлцсэн асуудлыг ийнхүү албажуулж Засгийн газрын тогтоолд гарын үсэг зурлаа.
Асгатын мөнгө, холимог металлын ордын гүйцээх хайгуул, хүдрийн баяжигдах шинж чанарын туршилт, судалгаа, ордыг ашиглахад шаардагдах дэд бүтцийн судалгаа зэргийг гүйцэтгэж, үр дүнг холбогдох байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Асгатын мөнгөний орд нь Монгол Улсын стратегийн ордуудын нэг бөгөөд тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшиж байна.
Боомтын сэргэлтийн хүрээнд Цагаануур, Даянгийн боомтуудыг авто замаар холбож, эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийг нутгийн иргэд дэмжлээ. Цагаануур боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгож, чөлөөт бүс байгуулахаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан юм. Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын бодлоготой иргэд санал нийлж буйгаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн залуучуудын төлөөлөлтэй өнөөдөр мөн уулзаж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар ярилцлаа. “Алсын хараа -2050” баримт бичиг нь 590 гаруй салангид баримт бичгийг нэгтгэсэн. Тус баримт бичигт манай улс хөгжлийн стратегиа гурван 10 жилээр тодорхойлсны эхний 10 жилийн бодлого нь “Шинэ сэргэлтийн бодлого” юм. Энэ бодлогын ажил бодит ажил хэрэг болоход залуучуудын оролцоо их гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Баян-Өлгий аймгийн залуучууд орон нутагт ажилгүйдэл их байгааг, инфляци, валютын өсөлт иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй зэрэг асуудлыг хөндөн ярилцав.
Баян-Өлгий аймаг 113.3 мянган хүн амтай. Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 2022 оны тооллогоор 2.3 сая толгой мал тоолуулжээ.
2022 онд тус аймагт 151 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөжээ. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд нийт 1282 иргэн, аж ахуйн нэгжид 45794,4 сая төгрөгийн зээлийг олгосон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд маргааш казах түмний хаврын баяр Наурызын баярын хүндэтгэлийнарга хэмжээнд оролцоно.