Site icon Nlive.mn

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт Азийн хөгжлийн банкны зүүн азийн газрын дарга М.Тереса Хо-г хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт АХБ-ны Зүүн Азийн газрын дарга М.Тереса Хо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс шинэ яамны эрхлэх асуудлын хамрах хүрээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

АХБ-ны зүгээс ойрын хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрүүд болон санхүүжилтийн талаар танилцуулж, АХБ-ны эх үүсвэрээр 2022, 2023 онуудад хэрэгжих төслүүд “Шинэ сэргэлтийн бодлого”-той хэрхэн уялдаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Мөн тус банкнаас цар тахлын дараах эдийн засгийн засгийн сэргэлтийн чиглэлд түлхүү ач холбогдол өгч ажиллахаар төлөвлөж буй бөгөөд тэр дундаа хилийн боомтын дэд бүтцийг сайжруулан хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ЭЗХЯ-тай хамтран ажиллах саналыг дэвшүүлж, талууд холбогдох арга хэмжээг авч хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтын төгсгөлд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт, зээл тусламжийн төслийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэнд талархсанаа илэрхийлж, цаашид хоёр байгууллагын харилцааг улам өргөжүүлж, нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

 

Exit mobile version