Home Нийгэм Байгаль орчин Бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглолоо

Бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглолоо

0
Бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглолоо

БОАЖ-ын сайдын Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглов.  Мөн тушаалын хэрэгжилтийг хангаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна.  

Жил бүрийн хаврын хуурайшилтын үед үүсдэг эрсдэл бол ой, хээрийн түймэр юм. Сүүлийн 2 жилд хур тунадас ихтэй чийгшилт харьцангүй сайн байсан тул ой хээрийн түймэр өмнөх онуудтай харьцуулахад бага гарсан. 3 дугаар сараас 7 дугаар сар хүртлэх хугацаанд хур тунадасны хэмжээнээс хамааран хуурайшилтын зэрэг янз бүр байдаг. Тэгвэл энэ жил хуурайшилт улам ихсэж, эрсдэлтэй байдал үүсэж буйг мэргэжлийн эрдэмтэн, судлаачид анхааруулж байгаа юм.  

2021 онд Архангай, Булган, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий зэрэг 9 аймгийн 35 суманд нийт 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байдаг. Дээрх түймэрт ойн 2092.1 га, хээрийн 201538 га талбай өртөж, экологид 3 тэрбум 174 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг тоон баримт байна. Жишээ авахад энэ жилийн хувьд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 70 гаруй хувь цас багатай хавар эрт хуурайшилт үүсэж ой хээрийн гал түймэр гарах өндөр эрсдэлтэй болоод байгаа мэдээ бий.

БУГЫН ЭВЭР ТҮҮЖ БЭЛТГЭХИЙГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХОРИГЛОЛОО

Гал түймэр гарах гол нөхцөл нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд дархан цаазат газарт самар, халиун бугын ясан эвэр түүх зорилгоор очсон иргэд асаасан галаа бүрэн унтраахгүй явснаас үүдсэн түймэр ихээр гардаг байна. 

Зөвхөн тус дархан цаазат газарт сүүлийн гурван жилд гарсан томоохон хэмжээний түймрийн дүн мэдээг харахад нийт 203 га талбай түймэрт нэрвэгдэж ойн санд учирсан хохирлын хэмжээ 204 105 000 төг/ хоёр зуун дөрвөн сая нэг зуун таван мянган төгрөг/ болсон байна.  

БУГЫН ЭВЭР ТҮҮЖ БЭЛТГЭХИЙГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХОРИГЛОЛОО

Тодруулбал, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын бүс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хамаарах Атаа-Шарлан голын бэлчирт /49011’28’’ 107034’08’’/ ойн түймэр тэмдэглэгдсэн. Уг түймрийг бугын эвэр түүхээр явсан иргэд тавьсан бөгөөд түймэр 5 дугаар сарын 13 өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ассан байдаг. Түймэр унтрахаар ОБГ-аас нийт 253 албан хаагч арав гаруй техник хэрэгсэл сарын турш ажиллажээ. Түймрийн тархалтын өргөн 20 км байсан бөгөөд нийт талбай 178 км2 талбайг хамарсан. Түймрээс ойд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээ 34,1 тэрбум төгрөг болсон байна.  

Гэтэл тухайн үед БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраас авсан мэдээлэлээр бугын ясан эвэр түүж бэлтгэж экспортлох эрх авсан 6 аж ахуйн нэгжээс улсын төсөвт 30 сая төгрөгний хураамж төлсөн байдаг. 

2019 оны 04 дүгээр сарын 14 өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Хонги голын баруун талд Тахилт уулын урд Бугатын аманд түймрийн цэг илэрсэн.  

2020 оны 06 дугаар сарын 19 өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Ар илчлэгийн голын зүүн талд түймрийн цэг илэрсэн.  

2021 оны 06 дугаар сарын 05 өдөр Хан Хэнтийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Ерөөгийн халуун рашааны хойд талд түймрийн цэг илэрсэн гэх мэтээр хөвөрнө. Тэр болгонд Онцгой байдлын албан хаагчид, байгаль хамгаалагчид олон өдрөөр, машин техник дайчлан тэмцэх шаардлага тулгардаг юм.  

Хан Хэнтийн дархан цаазат газар нь Сэлэнгэ, Төв, Хэнтий 3 аймгийн 8 сумын нутгийг хамрах 1,748,103 га талбайтай нийт дархан газрын 96 хувь нь хөвч тайгын бүсэд оршдог. Монгол орны амьтны аймгийн биологийн төрөл зүйлийн 40,5 хувьтай тэнцэх буюу судлаачдын мэдээгээр 56 зүйлийн хөхтөн амьтад байршин нутагладаг. Ургамалын аймгийн хувьд 85 овгийн 389 төрөлд хамаарах 1229 гуурст дээд ургамал бүртгэгдсэн байна. Ойн сангийн хувьд төв азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар нэн хязгаарлагдмал, түймэр хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллгааны сөрөг нөлөөлд хялбар өртдөг маш эмзэг экосистем юм. Дархан газрын ойн сангын 96,8 хувь нь шилмүүст, 3,2 хувь навчит ойтой бөгөөд Монгол орны ойн нөөцийн 30 хувь нь Хэнтийн ууланд байдаг билээ. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here