Site icon Nlive.mn

Унгар улсын хүний хөгжлийн яамтай соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өрөгжүүлэх чиглэлээр хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Соёлын Дэд сайд М.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид Унгар Улсад 2022 оны 3 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж Унгар Улсын Хүний хөгжлийн яамны Олон улс болон Европын холбооны асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Иштван Ковач тэргүүтэй албан тушаалтнуудтай Монгол, Унгарын соёл урлагийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар хоёр талын яриа хэлэлцээ хийж Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын долоодугаар хуралдааны дүнгээр байгуулсан Протокол болон Улаанбаатар хотноо 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай Монгол Улсын Соёлын яам, Унгар Улсын Хүний хөгжлийн яам хоорондын санамж бичгийн хэрэгжилтийг хангах, хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны нарийвчилсан чиглэлээр санал солилцов.

Талууд уулзалтын хүрээнд соёлын дурсгалт өвийг сэргээн засварлах, музей судлал, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр мэргэжилтэн солилцож, археологийн дурсгалыг судлах, хамгаалах чиглэлээр хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын хамтарсан шинжилгээний ангийг Унгар болон Монгол Улсад ажиллуулж, тус чиглэлээр Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд мэргэшүүлэх сургалтад холбогдох мэргэжилтнүүдийг хамруулах,  Унгар Улсад “Хүннүгийн түүх – Ази ба Европт” тусгай үзэсгэлэн зохион байгуулахаар тохиролцож бэлтгэл ажлыг хангахад харилцан дэмжлэг үзүүлэхээр боллоо. Мөн Унгар Улсын Үндэсний Сеченийн номын сан болон Монгол Улсын Үндэсний номын сан хоорондын хамтын ажиллагааны гэрээг ойрын хугацаанд байгуулж эх сурвалж баримтын хуулбар, ном хэвлэл солилцох, хамтран судалгаа хийх ажлыг эрчимжүүлэх, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн анхны кино студи байгуулах чиглэлд хамтран ажиллах, мэргэжлийн кино студи, хамтарсан кино бүтээлийг шинэ түвшинд хүргэх, хоёр орны кино үйлдвэрлэгчид, продюсер болон салбарын бусад мэргэжилтнүүдийн уулзалтыг зохион байгуулж,  судалгааны мэдээ, материал солилцох замаар кино урлагийн байгууллагууд болон сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар тохиролцлоо.

Түүнчлэн цар талын нөхцөл байдал сайжирч, хоёр тал аливаа гадаад хамтын ажиллагааны арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдэж байгаатай холбогдуулан хөгжмийн урлагийн мэргэжилтэн, уран бүтээлчдийг чадавхжуулах чиглэлээр харилцан зочин уран бүтээлчдийг буюу удирдаач, найруулагч болон уран бүтээлийн тоглолт солилцоог эрчимжүүлэх,  мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэхээр болов.

Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав, Соёлын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд, Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Г.Батхуяг болон Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Б.Жавхлан, Унгарын талаас Унгар Улсын хүний хөгжлийн яамны Хоёр талын хамтын ажиллагааны Ахлах зөвлөх Тунде Шиндер, Соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Михок Зольт, Музейн газрын мэргэжилтэн Мэйт Золтан болон Гадаад харилцааны газрын мэргэжилтэн Кристина Йоханна нар оролцов.

 

 

Exit mobile version