Соёлын дэд сайд М.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид Унгар улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Унгар Улсын Засгийн газрын харьяа Унгарын Үндэсний кино хүрээлэн (NFI – Nemzeti Film Intézet)-гийн Удирдах зөвлөлийн дарга Чаба Каел, тус хүрээлэнгийн Уран бүтээлийн асуудал хариуцсан газрын дарга Акос Пести, Гадаад төсөл хөтөлбөр, худалдааны асуудал хариуцсан газрын дарга Брадски Чоба нартай уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улсын Соёлын яам, Унгар Улсын Хүний хөгжлийн яам хооронд кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн анхны кино студийг байгуулах чиглэлээр урт хугацааны тогтвортой ашиглалтын Техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах асуудлаар санал солилцлоо.
Мөн Монголын талын төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас Кино урлагийн зөвлөл түүний ажлын албыг байгуулах, үйл ажиллагааны зохицуулалтыг тусгасан журам болон дүрмийг тус тус баталж ирэх дөрөвдүгээр сард багтан зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлэх, Кино зөвлөлийн цахим системийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар танилцуулав.
Мөн Унгарын Үндэсний кино хүрээлэнгийн удирдлага тус улсын кино урлагийн салбарын хөгжил, хууль эрх зүйн орчин, тэр дундаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн татварын таатай нөхцөл, санал болгож буй хөнгөлөлт, урамшууллын тухай танилцуулга хийж, Үндэсний кино хүрээлэн болон тэргүүлэх кино студийн үйл ажиллагааны туршлагын талаар мэдээлэл өглөө. Мөн түүнчлэн, Монгол Улсын кино, урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг эхнээс нь дэмжин санал, зөвлөмжөөр ханган хамтран ажиллахад нээлттэй болохоо илэрхийлэв.
Мөн ажлын айлчлалын үеэр Соёлын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид Унгар Улсын тэргүүлэх “Origo” болон “Astra Film” кино студид зочлон, тус студийн удирдлага болон уран бүтээлчидтэй тусгай уулзалт хийж, дэлхийд цөөхөн байдаг кино павильон, орчин үеийн дэвшилтэт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж болон санал болгож буй тусгай үйлчилгээ, Холливуд болон олон улсын кино продакшны зураг авалтын үйл явцтай танилцаж туршлага судаллаа.