Site icon Nlive.mn

Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн зургаан талбай байгуулна

Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Дорноговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд болон байгаль орчны салбарын албан хаагчдын төлөөлөлтэй  уулзжээ.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал аймаг, орон нутгийн хөгжил дэвшлийн талаар танилцуулснаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлууд, аймгийн хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлын явц, төлөвлөгөө, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт зэрэг чиглэлээр хийж байгаа ажлууд, зарим тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл хийж харилцан санал солилцжээ.

Дорноговь аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд 2022-2025 он гэхэд нэн тэргүүнд мод үржүүлгийн зургаан талбай байгуулан орон нутгийн хэмжээнд ногоон байгууламж, ойжуулалтын ажилд шаардах тарьц, суулгацын нөөцийг бэлтгэх зорилт тавьжээ. Дорноговь аймгийн газар нутгийн 90 орчим хувь цөлжилтөд өртсөн байна.

Тиймээс тус аймаг юун түрүүнд мод үржүүлгийн талбай байгуулж 2022-2024 онд 2,8 сая мод, 2025-2027 онд 6,4 сая мод, 2028-2030 он гэхэд 10,8 сая модыг шат дараатай тарихаар төлөвлөсөн аж.

 

Эх сурвалж:Дорноговь /МОНЦАМЭ/. 

Exit mobile version