Монгол Улсын Засгийн газраас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 2021 оны 05 дугаар 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар ажиллаж байна.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат, Монголын Хуульчдын холбооны удирдлага болон хуулийн салбарын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцов.
Хэлэлцүүлгийг нээж Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад арван жилийн нүүр үзэж байна. Монгол Улсын Их Хурал 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр уг хуулийг баталсан. Өөрөөр хэлбэл, 10 жилийн дараа энэ хуулийн үзэл санааг тодотгох асуудлыг хэлэлцэж байгааг онцлоод хуулийн хүрээнд хуульчийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоог бүрдүүлж, олон нийтийн байгууллагын статустай бие даасан хуулийн этгээд болж төлөвшсөн. Өнгөрсөн хугацаанд хуулийн давуу талууд үр шимээ өгсөн ч, үүнийг цаашид боловсронгуй болгох шаардлагатай гэж хуульчид, судлаачид байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг тодотгов. Мөн цаашид хуульч мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог эргэн харах шаардлагатайг дурдаад энэ хуулиар Хуульчдын холбооны асуудлыг бус цаашдаа хуульч гэдэг мэргэжлийн үнэ цэн, стандарт, чадавхыг ямар хэмжээнд харж, бэлтгэх, нийгмийн харилцааны агуулга руу хэрхэн тавьж өндөрсгөх вэ гэдэг өргөн хүрээтэй харилцааг зохицуулах юм гэж байлаа.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Дээд боловсролын тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн уялдааны талаарх танилцуулга, мэдээлэл хийв.
Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын хаврын чуулганаар боловсролын багц хуулиудыг хэлэлцэнэ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл энэ цаг үед хэлэлцэгдэж байгаа нь Дээд боловсролын хуультай уялдуулах боломжтойг онцлоод Монголын дээд боловсролын шинэчлэлийн асуудал нь МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажилллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт туссан чухал асуудал гэж байлаа. Мөн тэрбээр танилцуулгадаа, өнөөгийн нөхцөлд дээд боловсролд үзүүлэх төрийн дэмжлэг сул байна. Боловсролын салбарын нийт төсвийн 46 хувь нь ерөнхий боловсролд, 23 хувь нь сургуулийн өмнөх боловсролд, 9 хувь нь дээд боловсролд, 4 хувь нь ТМБС-д, харин 18 хувь нь салбарын менежментэд зарцуулагддаг. Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын орлогын 92 хувь нь суралцагчийн төлбөрөөс бүрдэж байна. Их, дээд сургуулийн нийт зардлын дийлэнх хувийг цалин хөлсний зардал эзэлж байна. Эдгээр зардлыг үндсэндээ сургалтын төлбөрийн орлогоор санхүүжүүлж байгаа нь дээд сургуулийн багш нар сургалтаас гадна судалгааны ажил хийх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг хүрэхгүй байгаа тул төрөөс их, дээд сургуулийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг онцолсон.
Хуулийн төсөлд багш нарын цалин, сургалтын төлбөрийг бие даан тогтоох эрх мэдлийг нэмэгдүүлэх, элсэх, төгсөх мэргэжлийн чиглэлийг төсвийн бодлогоор зохицуулах зэргээр дээд боловсролын сургалтын байгууллагаа дэмжих заалтуудыг хуулийн төсөлд оруулахаар ярилцаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг дурдаад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Дээд боловсролын хуультайгаа уялдуулж батлахын тулд магадлан итгэмжлэл олгох субьект нь Хуульчдын холбоо биш Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл байхаар өөрчлөх, мөн Хуульчдын холбооны сургалт, судалгааны чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийн бодлогод анхаарах шаардлагатайг тодотгож байлаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нар Дээд боловсролын тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн уялдааны талаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд хуульчдын боловсролын асуудлыг хөтөлбөр, шалгалт гээд өргөн хүрээнд хөндсөн учир үүнийг Дээд боловсролын тухай хуулийн төсөлтэй уялдуулах нь чухал гэдгийг тодотгохын зэрэгцээ төслийн 6, 7, 8, 29, 30 дугаар зүйлтэй уялдуулан байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хэлсэн үгэндээ, хуульчийг заавал баклаврын түвшингээс эхлэн бэлтгэх ёстой юу, ахисан түвшинд хуульч бэлтгэх боломж бий эсэх талаар хөндөж ярилцахыг хэлэлцүүлэгт оролцогчдоос онцгойлон хүсэхийн зэрэгцээ хуулийн төсөлд эрх зүйгээр суралцагчдад хууль зүйн мэргэжлийн боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлийг 90-ээс доошгүй багц цаг судлахыг шаардах, магадлан итгэмжлэлийг хийх зэрэг зохицуулалтыг тусгасан байгааг нухацтай ярилцах шаардлагатайг дурдав. Эдгээр асуудлыг Дээд боловсролын тухай хуульд тодорхой тусгасан учир хууль хоорондын уялдааг нь хангах нь чухал гэсэн саналуудыг хэлж байлаа.
Хэлэлцүүлэг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга, судлаач Э.Энхцэцэгийн “Хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллага-эрхзүйн орчныг тодорхойлох бодлогын судалгаа” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн зорилго нь хуульчийн мэргэжлийн шалгалт, хуульчийг үргэлжилсэн сургалт, хуульч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах болон хуульчид тавих нийтлэг шаардлага, Хуульчдын холбооны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход чиглэсэн гэж танилцуулгад дурдсан байв.
Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчид зэрэг бүх төлөөллийн эрх ашгийн тэнцвэр, тэнцлийг хангахад анхаарах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын Ц.Мөнх-Оргил “төслийн 4.1.2.-т “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүгч, прокурор, шүүгчийн туслахаар ажиллах, нотариатчийн, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, төрийн байгууллага, хуулийн этгээдэд хуульч ажиллахаар заасан ажил, албан тушаал эрхлэхийг” гэж тусгасан байгаа нь хуульч гэж хэн бэ гэдэг үндсэн асуудал бүрхэг байгааг тодотгоод энэ хууль хэнд үйлчлэх вэ гэдэг асуудлаа бүрэн цэгцлэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлэв. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хуулийн төсөлд эчнээ, оройн сургалтын хөтөлбөрөөр суралцагчдад дипломын зэрэг олгоно гэж тусгасан нь олон хүний мэргэжлийн хөрвөх чадварыг хаах нөхцөл бүрдэх вий гэдгийг Ажлын хэсгийнхэнд анхааруулж байсан бол төсөлд туссан Хуульчдын холбооны Их Хурлын төлөөлөгчдийн нийт 200 квотыг тэгшитгэх асуудалд бусад хуульчдын төлөөллийг ч гэсэн нээлттэй байдлаар хамруулах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Хэлэлцүүлгийг хааж, Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэлсэн үгэндээ, энэ удаагийн хэлэлцүүлэг нь хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс зохион байгуулж байгаа эхний арга хэмжээ гэдгийг тодотгоод цаашид тодорхой хүрээнд зорилтот сэдвүүдээр цуврал хэлэлцүүлэг хийхээр төлөвлөснийг дурдахын зэрэгцээ хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаарх саналуудаа Ажлын хэсэгт бичгээр ирүүлэхийг онцгойлон захилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.