Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо тэргүүтэй албаны төлөөлөгч нар 2022.02.18-2022.02.26-ний өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийлээ. Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, төвлөрөлийг сааруулах ажлын хүрээнд туршлага судлах, хамтран ажиллах, 5000 айлын “Солонго-1,2” орон сууцны хорооллын төслийн явцыг түргэтгэх яриа хэлэлцээрийг хийж, тохиролцоонд хүрэх зорилготой тус айлчлалын үеэр албаныхан нийт 12 ууулзалтыг хийсэн байна. Үүнд: БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн дэд сайд Юун Сэн Вон, Инчон хотын дарга Ан Юун Кюү, Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч Ли Вон Жэй, Захиргааны хотын барилгын үндэсний агентлагийн админисратор Мүүик Парк, Сэжон хотын дарга Ли Чон Хий, Солонгосын Экспорт-Импорт банкны Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн Үйл ажиллагааны газрын дарга Сон Сүн Хо нартай хоёр талын уулзалтуудыг хийжээ. Мөн “Солонго-1,2” хорооллын төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниар шалгарсан “Самоо” түншлэл, Солонгосын орон сууцны санхүүжилтийн корпораци, Газар, орон сууцны корпораци, Инчоны хот байгуулалтын корпораци, Солонгосын хөгжлийн институтийн удирдлагуудтай хоёр талын уулзалтыг хийж, БНСУ-ын “Ёшин Инженеринг” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.
“Солонго-1,2” орон сууцны хорооллын төслийн зөвлөх үйлчилгээний “Самоо” түншлэлтэй хийсэн уулзалтын үеэр талууд төслийн үнийн хэтрэлт, зураг төслийг түргэтгэж, барилгын ажлаа хурдан эхлүүлэх асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцээрийн үр дүнд талууд хоёр тал бус төслийн нэг баг болж, анх баталсан төсвөөсөө хэтрүүлэхгүйгээр ажиллах зохицуулалтуудыг хийхээр болсон байна. БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн дэд сайд Юун Сэн Вонтой уулзах үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Монгол Улс нисэх онгоцны шинэ буудлаа түшиглэн Хөшигийн хөндийд дагуул шинэ хот байгуулах болсноо танилцуулж, энэ чиглэлээр Солонгосын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, зөвлөх үйлчилгээ авах хүсэлтийг тавьжээ. БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн дэд сайд Юун Сэн Вон манай Улсад БНСУ-ын Инчон болон Сэжон хотыг байгуулсан, нүүлгэн зохион шилжүүлсэн туршлагаасаа хуваалцаж, энэхүү чиглэлийн “K-city network” хөтөлбөрийг санал болгож, тус хөтөлбөрт Монгол Улс материалаа ирүүлвэл дэмжих болно гэдгээ мэдэгдсэн байна. Мөн талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг амжилттай дуусгах чиглэлээр хамтран ажиллахаар тогтжээ. Харин Инчон хотын дарга Ан Юун Кюүтэй уулзсан уулзалтаар Инчон хотыг байгуулсан туршлагыг судлах, зөвлөх үйлчилгээ үзүүлж, мэргэжилтэн сургах, солилцох хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн байна.