Site icon Nlive.mn

Монголбанк Maстер карт байгууллагатай хамтран ₮ картыг EMV чип технологид шилжүүллээ

Монголбанк болон Мастеркарт байгууллага “M/Чип технологийн лицензийн гэрээ”-г 2019 онд байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд хамтран ажилласнаар Үндэсний брэнд ₮ картыг EMV чип технологид суурилсан нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан чип технологид шилжүүллээ.

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “М/Чип ₮-картыг арилжааны 11 банк, карт гаргагч финтек компаниудаар дамжуулан карт эзэмшигчид авах боломжтой боллоо. М/Чип технологийг нэвтрүүлснээр үндэсний брэнд ₮ картын нууцлал, аюулгүй байдал эрс сайжирч, өмнөх соронзон туузтай карт ашиглаж байхад үүсч байсан нууцлал, аюулгүй байдлын эрсдэлийг бүрэн арилгасан. Чип технологид суурилсан ₮ карт нь манай улсын банк, санхүүгийн салбар эдийн засагт ашиглаж буй төлбөрийн үндсэн хэрэгсэл төдийгүй төлбөр тооцооны системд томоохон үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг онцлов.

Мастер карт байгууллагын Ази Номхон далайн бүсийн Ерөнхийлөгч Ари Саркер энэ үйл явдлыг өндрөөр үнэлж, “Энэ бол Монголын хэрэглэгчид төдийгүй бизнес эрхлэгчдэд ихээхэн ашиг, тусаа өгөх дэвшил юм. Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд тэргүүлэх зорилтоо биелүүлсэн төдийгүй  цар тахлын үед авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг юм. Иймд, Мастер карт нь Монголын үндэсний төлбөрийн системийн хөгжилд идэвхтэй хувь нэмрээ оруулж, чип технологийг нэвтрүүлж, МонголУлсынтөлбөр тооцооны эко-системийг үр дүн, өгөөжтэй хөгжүүлж байгаадаа баяртай байна” хэмээн дурдсан.

₮ карт нь төлбөрийн картын зах зээлийн 62 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт 2.6 сая карт эзэмшигч төлбөр тооцоогоо гүйцэтгэж байна. Чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) суурь тавигдаж байна. Мөн карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоогоо хийх боломж бүрдэж байна.

Монголбанк нь Maстеркарт байгууллагатай “M/Чип технологийн лицензийн гэрээ”-г байгуулсан нь Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд бэлэн мөнгөний хэрэглээгүй эдийн засаг бий болгоход чухал алхам болсон юм. Монголбанк, Мастеркарт байгууллагын энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Сидней, Шинэ Өмнөд Уэльс, Сингапур зэрэг орнуудын хэрэгжүүлсэн “ухаалаг хот”, “санхүүгийн хүртээмж хурдасгах, дижиталжуулах” гэх мэт шинэлэг технологийг Монгол Улсад нэвтрүүлэх суурь тавигдаж байна.

Эх сурвалж: Mastercard.com

Exit mobile version